УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019-12-19 Парламент

Чуулганы танхимаас

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы (2019.12.18) нэгдсэн хуралдаан 15 цаг 36 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын 6 гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2019 ны 12 дугаар сарын 06-ны өдрийн 244 дүгээр захирамжаар хуулийн төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар орж ажилласан байна.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын мэргэжлийн хүмүүсийг оролцуулан гурван удаа хуралдаж, хуулийн төслийн талаарх саналын томьёоллыг бэлтгэснийг Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ төслүүдийн талаарх саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгож, сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдах, иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээх, сонгуулийн сурталчилгаанд сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим орчин ашиглахдаа төлөх төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, сонгуулийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналуудыг дэмжсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.

Мөн Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ажлын хэсэгт ирүүлсэн саналуудаас Байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Б.Ундармаа,  Д.Эрдэнэбат нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Байнгын хорооны дарга С.Бямбацогт нар өгсөн хариултдаа, 2012 оноос иргэд хурууны хээгээр бүртгүүлж саналаа өгдөг, саналыг сонгуулийн автоматжуулсан систем буюу хар машинаар тоолдог болсон учраас сонгогч давхардуулан санал өгөх боломжгүй, энэ талын эргэлзээг арилгасан гэж үзэж байгаа. Мөн Сонгуулийн хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх учиртай тул улс орныхоо цаашдын ирээдүй, Үндсэн хуулийн хүрээн дэх гарцыг хараад энэ удаагийн сонгуулийг олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоогоор явуулахыг дэмжсэн гэдгийг хэллээ. Харин асуулт асууж тодруулсан эмэгтэй гишүүд Улсын Их Хурлын сонгуульд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэхэд улс төрийн намууд ихээхэн анхаарч, хуулийн төслийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэснийг “30-аас доошгүй” гэж өөрчлөн эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг нэмэгдүүлэхийг гишүүддээ уриалж байв.

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй 54, найруулгын 4 саналын томьёолол, мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн талаарх  саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авч, 50:26 буюу 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүнийг том тойрог буюу улс нэг тойрог болж сонгох хувилбарыг дэвшүүлээд байв. Харин хэлэлцүүлгийн явцад МАН-ын Удирдах зөвлөл, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуулийн төслийн энэ хувилбар нь нэг талаас Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна, хоёрт, иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугддаг систем хэвээр байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байна гэсэн үндэслэлээр төсөлд тусгагдсан 50:26 гэсэн сонгуулийн тогтолцоог дэмжих боломжгүй гэж үзээд 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг дэмжээд байгаа юм.

Энэ зарчмын үндсэн дээр ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг “Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж, төслийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана” гэж тус тус өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 36 нь буюу 69.2 хувь нь дэмжлээ. Төслийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсгийг “Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг “Нам, эвсэл Монгол Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ” гэж, төслийн 32 дугаар зүйлийн 32.1 хэсгийг “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн бие даан нэр дэвшиж болно” гэж, төслийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг “Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө” гэж, төслийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 75 дугаар зүйлийг “75.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана. 75.2.Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. 75.3.Сонгуулийн ерөнхий хороо нь энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. 75.4.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Хуулийн төслийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах ажлын өдөр сэргээнэ” гэж өөрчлөх саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар уг саналыг эргэн харж сайн нягтлах шаардлагатайг хэлж байв.

Мөн төслийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсгийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн найруулах, “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно” гэсэн заалтыг төслийн 3 дугаар зүйлд нэмэхээр тогтов.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хийх үед гишүүнээс бичгээр гаргасан энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Харин төслийн 33 дугаар зүйлийн 33.2.9, 33.3.11 дэх заалтын “эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаарх Цагдаагийн ерөнхий газрын” гэснийг “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын” гэж өөрчлөх санал дэмжигдсэн тул төслийн энэ заалтыг дараагийн шатанд анхаарч хуульд нийцүүлэх чиглэлийг хуралдаан даргалагч өгөв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа өдөр тутмын сонины холбооноос гишүүдэд хандан тавьж байсан саналыг харгалзан үзсэний үндсэн дээр төслийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 40.2.8 дахь заалтыг нэмэх ажлын хэсгийн санал дэмжигдлээ. Энэ заалттай холбогдуулан төслийн 42 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 42.14 дэх заалтыг нэмэхийг гишүүдийн 70.8 хувь нь дэмжив.

Ажлын хэсгээс төслийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийг “Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж өөрчлөн найруулах, төслийн 45 дугаар зүйлд “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт, арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэсэн агуулгатай 45.6 дахь заалтыг нэмэх санал гаргасан нь дэмжигдлээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах сонгуулийн сурталчилгааны төлбөртэй холбоотой төслийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсгийг “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнтэй холбогдуулан төслийн 47.9.2 дахь заалтын “сүүлийн зургаан сарын” гэснийг “ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл” гэж өөрчлөхөөр болов. Түүнчлэн төслийн 48 дугаар зүйлд “Энэ хуулийн 48.1.3-т заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 48.5 дахь заалт нэмэхээр тогтлоо.

Мөн гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд сонгуулийн мөнгөн хандив нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байж болохоор тусгагдсан байсныг ажлын хэсгээс гаргасан саналын дагуу иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байхаар өөрчлөхөөр болов. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийн “сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэсний дараа “Мэдээлэл, технологийн багийн гишүүн, даамал нь санал авах, тоолох төхөөрөмжөөс дөрвөн метрээс багагүй зайд байрлаж, төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянаж ажиллана” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх санал гаргасан нь нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувийн дэмжлэг авав. Гишүүн энэ саналаа өчигдрийн Байнгын хорооны хуралдаанд бичгээр гаргаж дэмжүүлсэн юм.

Мөн ажлын хэсгийн саналаар төслийн 80 дугаар зүйлд “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр болов. Үргэлжлүүлэн төслийн талаарх найруулгын саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ.

Дараа нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлахад, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 46.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 9 санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

Үүгээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж дуусган хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Дашрамд дуулгахад, Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш 11.00 цагаас хуралдан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, мөн өдрийн үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлуулах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.