Цагдаагийн байгууллагаас “Ойлгоё хүндэлье” нөлөөллийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, зан төлвийг өөрчлөх эерэг мэдээлэл хүргэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой аж.
Нийслэл хотод энэ оны эхний 11 сард нийт 19222 гэмт хэрэг бүртгэгдсэний 520 буюу 2,7 хувийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 520 гэмт хэрэг нь өмнөх оны мөн үеэс 12 нэгжээр буюу 2,3 хувиар өсчээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2019 оны эхний 11 сард хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай 51902 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Нийслэл хотод өдөрт дунджаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл бүртгэгддэг байна.
Дүүргүүдийн шүүх, прокурорын байгууллагуудтай ажлын уялдаа холбоо, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг үе шаттайгаар зохион байгуулж, хамтын ажиллагааг сайжруулжээ. Үүний үр дүнд энэ оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3806 этгээдийн үйлдсэн зөрчлийг материалжуулан шүүхэд санал хүргүүлж шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2,3 дахин нэмэгдсэн ажээ. Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг цаг алдалгүй баримтжуулж шүүх, прокурорын байгууллагад санал хүргэснээр гэмт хэргийг бууруулах гол нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй зөрчилд нь тохирсон үр нөлөөтэй зөв шийтгэл болж цаашид учрах үр дагавраас урьдчилан сэргийлсэн оновчтой арга хэмжээ болж байна хэмээн иргэд ам сайтай байна.
Шүүх, прокурорын байгууллагуудтай хамтарч ажилласнаар хуулиар хүлээсэн чиг үүргүүд тодорхой хэмжээнд хангагдаж төр, засгийн бодлого, шийдвэр, ард иргэдийн хууль сахиулах байгууллагад итгэх итгэл, үнэмшил, сэтгэл ханамж дээшилсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж буй гэнэ.