Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар чөлөөлөхийг дэмжлээ.
Тодруулбал, түүнийг ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс ороход хариуцсан ажлаа хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр ийнхүү хариуцлага тооцов. Хэлэлцүүлгийн үеэр тэрбээр “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, “Монгол Улс 2004 онд олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах ФАТФ-д элссэн. 2007 онд анх удаа харилцан үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон. Зөвлөмжийн дагуу ажилласаар 2014 онд “саарал жагсаалт”-аас гарсан. Түүний дараагаар 2017 онд дахин эрчимтэй хяналтад орсон. Түүнээс хойш ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн дагуу ажилласан. Энэхүү ажлын тайлангаа энэ оны долоодугаар сард тавьсан. Энэ нь зөвхөн техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэсэн. Ингэхэд Монгол Улс 35 зөвлөмжийг нь хэрэгжүүлсэн. Монгол Улсыг ажлын хэсэг сайнаар үнэлсэн. Дараа нь наймдугаар сард шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийг үнэлэх хурал болсон. Мөн л Монгол Улсын ажлын хэсэг явж, тайлангаа тавьсан. Үүнээс Монгол Улс 11 хэрэгжилтийн долоог нь хэрэгжүүлж, бас сайн үнэлгээ авсан. “Саарал жагсаалт”-аар Монгол Улс ийнхүү сайн ажилласан” гэв.
Мөн тэрбээр, Монгол Улсын хангалтгүй үнэлгээ авсан шууд хэрэгжилтийн дөрвөн зөвлөмжийн тухай танилцуулсан юм. Түүний хэлснээр, нэгдүгээрт, Хойд Солонгостой холбоотой асуудал байгаа бол хоёрдугаарт, хуулийн байгууллагын хэрэг шийдвэрлэх үр дүн, гуравдугаарт, СЗХ-ноос тавих хаяналт банкнаас бусад санхүүгийн байгууллагын хяналт, дөрөвдүгээрт, тусгай хяналтын байгууллагын хэдэн хүмүүст хяналт тавих тухай зөвлөмж байгаа юм байна. Түүнчлэн тэрбээр, 2020 онд багтаж “саарал жагсаалт”-аас гарах төлөвлөгөө боловсруулсан, ажиллаж байгаа талаараа хэлсэн юм.
Ийнхүү Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаас нь чөлөөлөхийг холбогдох байнгын хорооны гишүүд дэмжлээ.