ХҮН-аас Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчиж, тангараагаас няцсан гэж үзэн, ҮХЦ-д гомдол гаргаад байсан билээ. Тус гомдлыг ҮХЦ-ийн гишүүн н.Солонго үндэслэлгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан учир тус намын удирдлагууд Бага суудлын хуралдаанд гомдол гаргаж байгаагаа мэдэгдэн Үндсэн хуулийн цэцийн гаднаас өнөөдөр /2019.10.31/ мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус намын гишүүн, хуульч Д.Үүрцайх хэлэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээс асуух тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг давхар асууя буюу Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс болох боломж байна уу гэдгийг ард түмнээс асууя гэдэг саналын УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Энэ үйлдэл нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан гэх үндэслэлтэй байна гэж үзээд ҮХЦ-д хандсан. Гэвч бидний гаргасан гомдлыг Цэцийн гишүүн н.Солонго авч үзээд үндэслэл, нотолгоогоо гаргаагүй байна гэж үзэн, хэрэг үүсгэхээс татгалзсан. Бид 3-4 хуудас бүхий үндэслэл, нотолгоо гаргасан. Цэцийн гишүүдэд буруу жишиг тогтчихсон. Цэцийн гишүүн тухайн гомдол гаргагчийн овог нэр, хаяг нь байна уу мөн үндэслэл нотолгоогоо дурдаж уу гэх мэт хэлбэрийн шаардлагыг шалгах ёстой байтал агуулгыг нь шалгаж хэрэг үүсгэх боломжгүй байна гэдэг шийдвэр гаргадаг тэр буруу жишгээрээ бидэнд хариу өглөө.
Энэ дагуу өнөөдөр/2019.10.31/ бид Бага суудлын хуралдаанд гомдол гаргаж байна. Бидний гаргаж байгаа үндэслэл бол Цэцийн гишүүн Цэцийн бүрэн эрхэд халдаж шийдвэр гаргах эрх байхгүй. Цэцийн гишүүн хэлбэрийн шаардлагыг шалгах ёстой болохоос биш агуулгын шаардлага тавих ёсгүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүд хамтын зарчмаар асуудлыг шийдвэрлэдэг байгууллага. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн гишүүний гаргасан үндэслэлээс харахад бидний гаргасан үндэслэлийг ойлгохыг хүсээгүй эсвэл хэн нэгний нөлөөнд автаж илт тодорхой үндэслэлийг ойлгоогүй мэт тайлбарласан. Ерөнхийлөгчийн гаргасан засаглалын хэлбэрийг өөрчилье гэсэн санал нь шинэ Үндсэн хууль батлах тухай асуудлыг хөндөж байгаа учраас Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн байна гэдгээ дахин нотолж тайлбарлаж Бага суудлын хуралдаанд гомдол гаргаж байна.
Монгол Улсад Үндсэн хуульт ёс, ёс зүйт төр байгаа гэдэгт итгэж найдаж байна. Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад хуулиудыг уландаа гишгэж цаашид үндэсний эв нэгдлийн эсрэг байвал бид хуулийн бус аргаар тэмцэх болно” гэлээ.