УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцсэн байна.
Энэ талаар тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан. Ингэснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг эхнээс нь нарийвчлан ярилцах боломж бүрдэж байгаа юм. Энэ хуулийн төсөлд УИХ-ын хариуцлагыг дээшлүүлэх, баялгийн тэгш байдал, хотын эрхзүйн байдлыг тодорхой болгох зэрэг сайн заалт бий. Тиймээс АН-ын зөвлөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналаа боловсруулж, зөвшилцөөд явах ёстой хэмээн үзсэн” гэлээ.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаар нийслэлийн түүхийн дурсгалт барилгуудыг хамгаалах асуудлаар санал солилцож, Улсын драмын эрдмийн театр, УДБЭТ-ын барилгыг буулгахыг эсэргүүцэж, уг шийдвэрээ цуцлахыг Засгийн газраас шаардах болжээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Улаанбаатар хотод 1940-1950 онд барилга барих ажил эд өрнөж, Монгол Улс эсгий бор гэрээсээ суурин хотод шилжсэн түүхтэй. Ингэхдээ Монголын өв уламжлал, соёлыг агуулсан хэлбэрээр барилгаа барьж байсан юм. Тиймээс Улаанбаатар хотын соёлын өв болсон Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг буулгах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд түүхийн дурсгалд барилга, байгууламжийг хамгаалах асуудлыг тусгах асуудлыг судлах болно” гэв.
Мөн бүлгийн хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх болжээ. Үүнд, “Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш стандартад нийцсэн, итгэмжилсэн лабораториудаар шинжлүүлсэн гэх боловч энэ сарын 3-6-нд 35 иргэн угаартаж, эмнэлэгт хандсанаас 4 иргэн нас барсан. Тиймээс иргэдэд ашиглалтын талаар мэдлэг, мэдээлэл, зааварчилгаа өгөх, түлшний чанар, стандартын үнэлгээ дахин хийх, элементийн бүтцийг дахин хянахыг шаардаж байна” гэжээ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.