Д.ДАГИЙМАА: “Сонгодог шуранхай” тоглолтоороо нийслэлчүүдэд бэлэг барина

2019-09-13 Соёл урлаг

 

 

 

Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотын нүүр царай, өнгө төрхийг илтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбороор зочиллоо. Авьяаслаг уран бүтээлчдийг “өлгийдөн” авч, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн энэ байгууллага үйл ажиллагааны хамрах хүрээгээр хүүхэд залуучууд, уурхайчдад чиглэсэн олон талт сургалтын хөтөлбөртэй. Энэ удаа уртын дууг этник хэлбэрээр дуулж, уран бүтээлийн анхны цомгоо “өлгийдөн” авахаар хүлээн суугаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Дашийн Дагиймаатай цөөн хором ярилцлаа. Уран бүтээлчийн дэврүүн хүсэл мөрөөдлийг хуваалцъя.

-Уртын дуучин болох нь таны мөрөөдлийн нэг хэсэг байв уу? Мэргэжил сонголтын сэдвээр ярилцлагаа эхлье?

-Би багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Намайг дөрвөн настайд эмээ маань өөрийн мэддэг ардын болон уртын дуугаа зааж өгсөн юмдаг. Эмээ Булган аймгийн Баян-Агт сумынх. Хөдөөгийн найр хуримд намайг дагуулж явна, би дуулахыг нь их ч сонсдог байлаа. Харин миний бага нас Булган аймгийн төвд өнгөрч, Орхон аймгийн 5 дугаар 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. Харин 2003 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элссэнээр урлагийн хүн болох зам мөрөө тавьж билээ. Мэргэжил сонголтын тал дээр урлагт “дурласан” зүрхээ дагасан хэрэг л дээ. Би сурагч байхын Яргуй наадам, төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцдог хүүхэд байлаа. 10 дугаар ангиа төгсөх жил бие даасан тайлан тоглолтоо хийх үеэр ах дүү нар маань ирж үзчихээд “Чи урлагийн хүн болно оо” гэж хэлж байсан нь надад их хүч өгсөн гэж боддог. Ингээд л урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдэн, Монгол Улсын Гавьяат багш  Дэлгэрийн удирдлаган дор мэргэжлийн дуулаач болсон. Уртын дуу дуулаач нар үндэсний өв соёлоо хадгалан, түүнийг түгээн дэлгэрүүлэх томоохон хариуцлага үүрдэг.

-Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн байгууллагатай хэдий үеэс холбогдож, мэргэжлээрээ ажиллах болов?

-Ажлын гараагаа “Улаанбаатар” чуулгаас эхэлж, хоёр жил ажилласан. Улмаар гэр бүлийн хүнтэйгээ ярилцан, Эрдэнэт хотдоо ажиллаж амьдрах, уран бүтээлээ туурвих шийдвэр гаргаснаар 2011 онд “Уурхайчин” соёлын ордны ажилтан болсон. Миний хувьд уурхайчдын эгнээнд мөр зэрэгцэн ажиллаагүй ч нэг байгууллагад харьяалагдан, олон нийтэд соёлын боловсрол олгох ажилд гар бие оролцон, шавь нараа бэлтгэж байгаадаа баярладаг. Сүүлийн үед хувийн уран бүтээл дээрээ давхар ажиллаж байна.

-Уран бүтээл туурвих явцад хүндрэлтэй зүйл тулгардаг уу? Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээс бидэнтэй хуваалцахгүй юу?

-Шинэ санаа гаргаад хэрэгжүүлье гэхээр хамгийн түрүүнд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Мэдээж бэрхшээл олон. Гэхдээ тэр бүрийг тоочихоос илүүтэй залуу хүний зоримог зангаар аливаа бэрхшээлийг даван туулаад л явж байна. Ер нь өөрийн гэсэн уран бүтээлтэй болохыг илүүд үздэг. Ямартаа ч энэ ондоо багтаан, “Сонгодог шуранхай” тоглолтоороо Улаанбаатарын үзэгчдэд бэлэг барихаар бэлтгэж байна. Уран бүтээлчид зөвхөн хөдөөд бус хотод ч тоглолт хийж болдгийг, урлагийн хөгжил улс орны аль ч өнцөгт байдгийг энэ тоглолтоороо харуулах болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.