Цагдаагийн байгууллагаас хоёр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоёр шөнийн цэнгээний газарт шалгалт хийж 87 иргэнд тест тавихад 24 хүнээс мансууруулах бодис илэрчээ.
Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалт хийсэн байна. Тэгэхэд шалгалтад хамрагдсан нийт иргэдийн тав нь өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан нь тогтоогджээ. Тиймээс тус цэнгээний газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Түүнчлэн мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байжээ. Тэдний дунд нэг эмэгтэй, ХБНГУ-ын хоёр иргэн байсан байна. ХБНГУ-ын хоёр иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байгаа аж.
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл эдэлж байжээ. Харин энэ удаагийн ээлжит шалгалтаар иргэн “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.