УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачилдгаар Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулжээ. Одоо дараачийн шатны ажлуудыг нь эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлахаар болжээ.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын хийд-Богд уулын оргил Цэцээ гүн-Баруун ширээт-Зайсан толгой хүртэл нийт 16.6 км үргэлжлэх Cable car байгуулахаас гадна явган аяллын амралтын цэгүүдийг байгуулах юм байна. Энэхүү бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг БНХАУ-аас татахаар яриа хэлэлцээ хийжээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 21-24-нд БНХАУ-ын Жилинь мужид болсон Хятад-Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалтын үеэр Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Цэрэнбат, Н.Дэлгэржаргал дээрх төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлыг хөндсөн байна.