Анагаахын сургуулиудаас ноцтой зөрчлийг илрүүлжээ

2019-09-2 Мэдээ, мэдээлэл

Анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 11 их, дээд сургуульд МХЕГ-аас гэнэтийн шалгалт хийжээ.

Энэ тухайд улсын байцаагч А.Танан-Эрдэнэ “ХНХЯ-ныхны тусгай зөвшөөрлийн дагуу туслах сувилагчийг жилийн хугацаанд бэлдэх ёстой. Гэтэл Сувилахуйн сургуулийн туслах сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гурван мэргэжилтэн боловсруулж, баталсан. Үүний дагуу элсэгчдийг гурван сарын хугацаанд сургасан байна. Энэ бол ноцтой зөрчил.

Эрүүл мэндийн сайд сувилагчийн тоог нэмэгдүүлэхийн тулд таваас доошгүй жил ажилласан эмнэлгийн ажилтнуудыг туслах сувилагчаар сурган, төлбөрийг  төрөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл Сувилахуйн сургуулийн туслах сувилагчаар суралцагчдын регистрийн дугаарыг шалгахад 19 настай хүүхэд хүртэл байсан.

Эрүүл мэндийн байгууллагад таван жил битгий хэл, огт ажиллаагүй хүмүүсийг богино хугацаанд сургах нэрээр төлбөрийг нь төрөөс гаргуулжээ. Өөрөөр хэлбэл, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зөвшөөрөлгүй, сургалтын төлөвлөгөөг зохих газраар хянуулаагүй байсан нь зөрчлийн хэрэг үүсгэх хангалттай баримт. Тэгээд ч улсын мөнгийг буцааж төлөх хэрэгтэй” гэдгийг онцлов.

Шалгалтаар Сувилахуйн сургууль нь сувилагчийг гурван сараар бэлтгэсэн, АШУҮИС нь салбар яамнаасаа зөвшөөрөл авалгүй Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг давхар явуулж байжээ. Тиймээс Сувилахуйн сургуульд зөрчлийн хэрэг үүсгэжээ. Учир нь МСҮТ, политехникийн коллежид сургалт явуулах зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) олгодог. Сувилахуйн сургуулийнхан үүний дагуу тус яамнаас сургалт явуулах эрх авсан ч дараах зөрчлийг гаргасан байна. Тэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөнтэй гэрээ байгуулж, туслах сувилагч бэлтгэх хугацааг гурван сар болгосныг шалгалтаар илрүүлсэн аж.

Г.Сүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.