Улсын ургацын комисс өчигдөр хуралдаж, энэ оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлвийг сонсож, ургац хураалтын технологийн зөвлөмж гаргах талаар ярилцлаа.
Энэ онд улсын хэмжээнд, 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512 мянган га-д тариалжээ.
Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа хураан авахаас 420 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус авах боломжтой гэсэн тооцоо гараад байна.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1147 аж ахуйн нэгж, иргэдийн 337 мянган га улаанбуудайн талбайг хамруулж зохион байгуулж, нийт тариалсан талбайн 75.6 хувь буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ.
Гэвч энэ жилийн хувьд тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөлөөлсний зэрэгцээ зургаадугаар сар бүхэлдээ хуурай халуун, олон хоног хэт халсан болон зуны бороо зургаадугаар сарын 25-наас зарим бүс нутагт долоодугаар сарын 4-нөөс орж эхэлсэн нь буудайн өсөлтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ жил Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад нарны хэт их халалт, гангийн улмаас ургац бага зэрэг буурахаар байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, хүчтэй мөндрийн улмаас Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийтдээ 11.0 мянган га талбайд ургац хураах боломжгүй байгаа бол болц дутуу байснаас 3.5 мянган га талбай тэжээлд шилжих төлөв гарчээ.
Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор нийт хураах талбайн 60 шахам хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа бол 40 хувь нь аарцан болцын эхний үед байна. Түүнчлэн долоодугаар сарын 20-ноос эхлэн үргэлжлэн орсон их борооны улмаас таримлын болц оройтох, хогийн ургамал ихсэх хандлагатай байгаа тул ургац хураалтад хүндрэл учирч болзошгүй байна.
Цаг агаарын урьдчилсан төлвөөр наймдугаар сарын сүүлчээр тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч улмаар есдүгээр сарын эхээр цас орох магадлалтай байна. Тиймээс ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг боловсруулан тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангахад анхаарч байна.
Ургац хураалтад 1216 комбайн, 511 жатка, 362 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн, 455 төмс, хүнсний ногоо ухагч, 923 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллах судалгаа гарч, засвар үйлчилгээ хийгдэж техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай байна.
Ургац хураалтын үед ажиллах тээврийн хэрэгслийн болон цэргийн албан хаагч, оюутны захиалга, ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийн мэдээг орон нутгаас авч байна.
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байгаагаас оны тариалалтад зориулан ААН, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулах санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 32 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарч байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.