“Аливаа зүйлийн мөн чанарыг ухаарч ойлгосон хүн сэтгэлийн тэнхээтэй байдаг” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
“Биеийн бөхөөр ганцыг, сэтгэлийн бөхөөр мянгыг” гэдэг. Хүн хэр зэрэг сэтгэлийн хаттай байгаагаас аливаа бэрхшээл саадыг хүлээж авах, түүнд хандах хандлага нь өөр өөр байдаг байна. Хүн бүр амьдарч буй орчин тойрныхоо юмс үзэгдлийг өөрийн өнцгөөс хардаг. Тиймдээ ч хүн бүр өөрсдийгөө л хамгийн хүнд байдалд байгаа мэтээр төсөөлж, ямар нэг зүйлээс шантрах нь олонтоо тохиолддог.
Гэтэл биднээс хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг, эсвэл бүр хязгаарлагдмал чадамжтай боловч биднээс илүүг хийж бүтээж чадсан хүмүүс бишгүй олон бий. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө зохион бүтээж, зураг зурж, цирк тоглож чаддаг хүмүүс байдаг. Тэдний хамгийн сайн туслагч нь сэтгэлийн тэнхээ. Бие болон сэтгэцийн эрүүл саруул, эрхтэй бүтэн мөртлөө ажлаас халшран хойш сууж, амьдралыг хүнд бэрх гэж үглэж суудаг хүмүүст чухамдаа сэтгэлийн тэнхээ л дутсан байдаг. Сэтгэлийн тэнхээ нь тэсвэр хатуужил буюу сэтгэлийн хүчийг хэлж байгаа юм.
Хүн түүнд өөрийгөө бэлтгэж, суралцах хэрэгтэй. Тэгж байж хүн зорьсон зорилгодоо хүрч чадна. Сайн суралцдаг оюутнуудтай уулзахад тэднээс ухаарал, сэтгэлийн хүчийг олж мэднэ. Тэд сайн суралцсаны хүчинд ухаарсан биш, харин ухаарсныхаа хүчинд сэтгэлийн тэнхээтэй байхад суралцдаг. Та өөрийгөө болон хэн нэгнийг сэтгэлийн их хүч тэнхээтэй болгохыг хүсч байгаа бол хүчлэх хэрэггүй. Хамгийн гол нь зүгээр л аливаа зүйлийн уг мөн чанарыг ухаарч ойлгоход туслаарай.
Эх сурвалж: ОБЕГ