УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдох аймаг, дүүрэг, сумдын Засаг дарга нарын томилгоо удаашралтай байгаа асуудлаар өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан шаардлага хүргүүлсэн.
Шаардлагын хариуг авахаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батданзан, Д.Мурат, З.Нарантуяа нар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нартай өнөөдөр уулзлаа. Уулзалтын дараа тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Шаардлагын асуудлаар Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын дарга нартай уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Хууль ёсыг сахиулах, иргэдийн сонголтыг хүндэтгэх тухай бид ярьж байгаа. Бидний тавьсан гол асуудал бол Сүхбаатар аймгийн ИТХ-ын үр дүнгээр гарсан Засаг даргын томилгоо, мөн Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан үр дүнг хүлээн зөвшөөрөх, гурав дахь нь Орон нутгийн сонгуулиар 12 суманд ялсан сумын Засаг дарга нарыг хуулийн дагуу томилуулах тухай асуудлаар бүлгийн гишүүдийн хамт санал солилцлоо. Үүнд нэг л зүйл бий. Ерөнхий сайд улс төрийн ажил, Засгийн газрын ажил тусдаа шүү гэж өөрөө хэлсэн. Сонгуулийн үр дүнгийн дараа засгийн ажил улс төрөөс ангид үргэлжлэх ёстой. Иймд энэ томилгоогоо яаралтай хийх хэрэгтэй гэдгийг хэллээ.
Энэ уулзалтаар бид ахицтай байлаа гэж ойлгож байна. Ирэх долоо хоногт томилгоотой холбоотой санал зөрөлдсөн асуудлаар ажлын хэсэг байгуулж, нэг тийш нь болгоё гэдэг дээр санал нэгдлээ. Цөөн үлдсэн сумдын маргаантай асуудлыг шийдвэрлэж, засгийн ажлыг тасралтгүй үйл ажиллагаагаар хангая гэдэг дээр санал солилцож, ойлголцсон гэж хүлээж авч байна. Хэрэв энэ асуудал ирэх долоо хоногт шийдэгдэхгүй бол халаа сэлгээ, томилгоотой холбоотой асуулгыг УИХ-ын гишүүн Л.Болд тавьсан байгаа. Үүнийг үргэлжлүүлэн сонсох болно. Орон нутгийн намын гишүүдийн болон иргэдийн бухимдлыг үл хүндэтгэсэн гэж үзэн цаашдынхаа тэмцэлд орох болно. Ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг бид ойлгож байгаа. Иймээс эхний уулзалтыг үр дүнтэй болсон гэж үзье. Эхний уулзалтын үр дүн ирэх долоо хоногт гарна гэж найдаж, уулзалтыг өндөрлүүллээ.
Ер нь цаашдаа ардчилсан Монгол орон иргэдийн сонголтыг хүндэтгэх ёстой. Улс төрийн үйл ажиллагаа дууссан бол засгийн үйл ажиллагаа үргэлжлэн ард иргэдийн амьжиргаа, нөхцөл байдлыг хангах нөхцөл бололцоог Засгийн газар үргэлжлүүлж, хуулийн дагуу авч явах ёстой гэсэн шаардлагыг үндэслэж байгаа юм.
-Томилгоог хийгээгүйгээс болж, иргэдийн амьдралд ямар сөрөг үр дагавар үүсч байгаа вэ?
-Сүхбаатар аймагт ийм асуудал үүсчихсэн байна. Шударга бус энэ шийдвэрийн үндэслэлээс болж тус аймагт Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаж чадахгүй байдалд хүрсэн. Үүнээс болоод оныхоо төсвийг баталж чадахгүй байгаа. Хууль бус энэ байдлаас үүдэн төсөв батлагдахгүй бол Сүхбаатар аймгийн иргэд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг үйлчилгээний асуудал бүгд зогсоно. Төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүйд хүрнэ. Сумдын хувьд ч мөн иргэдийн амьжиргаатай холбоотой нийгмийн үйл ажиллагаа тасалдана. Иймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой гэж харж байгаа юм. Баянзүрх дүүргийн хувьд ч мөн адил. Иргэдийн сонголтыг үгүйсгэдэг, шүүхээр авах гэж оролддог бурангуй зүйлийг тэвчээд явж болохгүй. Энэ үйлдэл нь явсаар цөөхөн хүн амтай Монгол Улсад хагарал, тэмцэл, үл итгэлцэх, бие биеийгээ өширхөн харах ийм сөрөг үр дагавар үүсэх нөхцөл байдлыг дэгдээж байгаа нь буруу юм. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.