АН-ын зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцохгүй

2019-07-1 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцохгүй байх шийдвэрт хүрчээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэв.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг тусгаагүй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн АН-ын зөвлөл үзэж, нэг дэх хэлэлцүүлэгт оролцоогүй. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахын өмнө тус бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзжээ. Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэлгүй байна гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр “Төслийн талаар иргэд мэдээлэлгүй байгаа нь Үндсэн хуульд яаран өөрчлөлт оруулах нь буруу хэмээн үзэж байгаа. Учир нь мэдээлэлгүй иргэд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал өгөх боломжгүй. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай байна. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй” хэмээсэн юм.

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчтэй сөрөг хүчин байх шаардлагатай хэмээн үзэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн сарын 12-нд АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах болсон. Зөвлөлийн өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцсон байна.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Засгийн газарт ажиллахыг бүрэн хязгаарлахыг иргэд хүсч байгаа. Энэ асуудлыг бүрэн тусгаагүй байна. Мөн “улсын чанартай хот байна” гэсэн заалтыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан. Гэхдээ “Эрдэнэт, Дарханыг хот хэмээн үзнэ” гэсэн нарийвчилсан заалт орох ёстой гэдгийг иргэд хэлж байгаа. Иргэдийн энэ бүх саналыг тусгахгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.