УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Уг төслийг чуулганаар өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу энэ 14-нд хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуух явцад ажлын цаг дуусч, түр хойшлуулсан юм. Төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан байна.
Хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ, УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авдаг байх, хэрвээ олонхын дэмжлэг аваагүй тохиолдолд, Ерөнхий сайд огцорч байхаар хуулийн төсөлд тусгасан. Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байх заалтыг оруулж байна. Гэхдээ энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр зохицуулсан.
Шүүгчдэд тавих шаардлагыг нэмэгдүүлж, дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг хугацаатай болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн 9 жилийн хугацаанд нэг удаа томилогддог байх, ШЕЗ-ийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлэх, дөрвөн жилийн хугацаанд зөвхөн нэг удаа сонгож байхаар тусгажээ. Ерөнхий шүүгчийг томилдог байсныг өөрчилж, дотроосоо сонгох тогтолцоог оруулжээ. Дархан, Эрдэнэтийг улсын хэмжээний хот гэж хүлээн зөвшөөрнө. Аймгийн төв бүр нь өөрийн удирдлагатай хот байхыг Үндсэн хуулинд орууллаа. Ингэснээр хотын захирагчаа өөрсдөө сонгох, суурин соёлыг хөгжүүлэх бололцоотой болох юм.
Сум, дүүргийн нутгийн удирдлагын үндсэн байгууллага нь ИТХ байна. Иргэдийн өөрөө удирдах ёсыг ингэж товойлгож байгаа юм. Сум, дүүргийн ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож байхыг тусгасан. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн давхардсан сонгууль байхгүй болно. Сум дүүргийн засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар тухайн нутгийн иргэд өөрсдөө сонгоно гэсэн заалт бол орон нутгийн иргэдийн гаргасан гол санал юм. Баг хорооны засаг даргыг сум, дүүргийн засаг дарга томилж байхаар боловсрууллаа. Харин баг хорооны нийтийн хурал хэвээр ажиллах юм.
УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, эсвэл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халахыг хориглоно гэж заасан байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөх юм байна.
Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх хүрээнд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, УИХ-аар улсын төсөв хэлэлцэж батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглосон. Мөн Засгийн газрын танхим дахь УИХ-ын гишүүний тоог хязгаарлах заалт оруулжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.