УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хуулийн төслийг ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан чуулганы индрээс танилцуулсан. УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулжээ.
Тэрбээр, “Энэхүү өөрчлөлтийг хийснээр, 2000 онд оруулсан долоон нэмэлт өөрчлөлтийг засаж залруулна. Хуулийн төсөл батлагдсанаар, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн тогтолцоо сайжрах юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагыг иргэд сонгодог болно. Хуулийн төслийг нэр бүхий 63 гишүүн хамтран боловсруулсан” хэмээв.
Хуулийн төслийг хүлээн авах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, төслийг зуны эхэн сарын бэлгэ дэмбэрэлтэй өдөр хүлээн авч байгааг тэмдэглэв. Тэрбээр, “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар ажиллаж, олон нийт, эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлтэд тулгуурлан хоёр жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцолсон. Энэ хугацаанд давхардсан тоогоор 5.4 сая иргэний санал ирсэн гэдгийг тодотгоод, иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байсныг дуулгасан. Үндсэн хуулийн өөрчлөлт нь 2000 оны “долоо дордуулсан” долоон өөрчлөлтийг залруулах ач холбогдолтой. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэхдээ, өчүүхэн ч хувийн эрх ашгаар хандахгүй, үндэсний зөвшилцлийг эрхэмлэн, улс орныхоо ирээдүйн төлөө хандахыг гишүүдэд санууллаа.
Дашрамд дурдахад, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталсан бөгөөд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг УИХ-аас 2010 онд баталсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал сүүлийн гурван удаагийн парламент дамжин ярьж, тусгай комисс, ажлын баг гарч тодорхой судалгаа тооцоо хийж, энэ үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл шаардлага байна гэж үзсэн. УИХ-ын гишүүд ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2000, 2011, 2012, 2015 онд өргөн мэдүүлж иржээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.