Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг сахиулагчдыг Энхийн үйл хэрэгт анхлан оролцуулахад жинтэй хувь нэмэр оруулсан хүн болох Хошууч генерал Гүрийн Рагчаа агсны гэрэлт хөшөөнд өнөөдөр цэцэг өргөлөө. Монгол Улсын цэрэг дайчид 2002 оноос эхлэн олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 17 дахь жилтэйгээ золгож байна.
Монгол цэргийн дэлхийд гарах хаалгыг нь нээж өгсөн хүмүүсийн нэг бол яахын аргагүй хошууч генерал Гүрийн Рагчаа агсан юм. Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг Рагчаа агсны нэрэмжит болгосноос хойш 10 жил өнгөрчээ. Түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөхөөр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Зэвсэгт хүчний 345 дугаар бригад, түүний харьяа 150,330,350 -р ангийн захирагч нар болон Г.Рагчаа агсны гэр бүл, үр хүүхэд ахан дүүсийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Гүрийн Рагчаа агсан 1999 оноос ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, 2003 онд ЗХЖШ-ын орлогч дарга, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, 2005 оноос хойш Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газрын цэргийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан байна.
Монгол цэрэг даян дэлхийн энх тайвны төлөө үүрэг гүйцэтгэж, улс орныхоо аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулан, цаашлаад нөхөн олговор авч, Зэвсэгт хүчний шинэчлэлд тодорхой дэмжлэг үзүүлнэ гэхэд итгэх хүн тун ховор байсан тэр л цаг үед Рагчаа генерал Зэвсэгт хүчнээ дэлхийн тавцанаа дуурсгахыг хүсээд зогсохгүй, дэлхийн хөгжилтэй орнуудын Зэвсэгт хүчинтэй өөрийн орны нутаг дэвсгэрт хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд ч үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан төр, цэргийн нэртэй зүтгэлтэн байсан юм.
“Гүрийн Рагчаа сан” төрийн бус байгууллагыг энхийг сахиулагчдын гавьяаг алдаршуулах, тэдний ар гэрт дэмжлэг үзүүлэх, энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилгоор 2009 онд байгуулжээ. Удирдах зөвлөлд түүний гэргий, хүүхдүүд, төрөл садангийн ах, дүү нар, мөн энхийг сахиулах үүрэг чиглэл бүхий ангиудын захирагч нар багтдаг байна.
Энэ өдөр ч мөн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн зарим цэргийн алба хаагчдыг нэрэмжит шагналаар шагнаж баяр хүргэлээ. Олон мянган Монгол цэргээ Дэлхийн цэрэг болгож Хилийн чанадад үүрэг гүйцэтгүүлэх нөхцөл боломжийг гардан гүйцэтгэж байсан хошууч генерал Рагчаа агсны Монгол Улсад болоод Зэвсэгт хүчинд гүйцэтгэсэн үүргийг та бид мартах учиргүй ээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.