Х.Тэмүүжин: Архидсан гишүүд өрөөгөө учиргүй цэвэрлэсэн
Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Г.Батхүү агсны гэр бүлийн төлөөлөл дөнгөж сая ОУПХ-ны ерөнхийлөгч Габриэла Куэвастэй уулзлаа. Уулзалтаар талийгаачийн амиа алдсан хэргийг шалгах хүсэлтийг өгсөн байна. Энэ үеэр АН-ын дэд дарга Х.Тэмүүжин сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ОУПХ-нд хандаж, арга зүйн туслалцаа үзүүлэхийг хүслээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Муу муухай гэмт хэрэг харанхуй газарт бүгэж алга болохдоо амархан байдаг. ОУПХ-нд хандсан нь энэ харанхуйд хөндлөнгийн гэрэл тусгах, үйл явцад хөндлөнгийн хяналт тавина гэдэгт итгэснийх. Энэ холбоонд үндсэн гурван чиглэлээр хяналт тавих санал гаргасан. Нэгдүгээрт, сая болсон үйл явдалтай холбоотойгоор Төрийн ордонд, тусгай хамгаалалттай байгууллагад энэ үйл явдал болсон. Ийм нөхцөлд гадны хяналтын байгууллага байх нь зөв гэж үзэж байна. Хоёрдугаарт, хэрэг гарсан өдөр, тухайн цагт 64 гишүүнтэй олонхийн бүлгийн олон гишүүн өрөөндөө архидаж, дараа нь цэвэрлэгээ хийлгэсэн гэсэн хэл ам гарсан нь сонгууль ойртож байгаа үед намынхаа нэр хүндтэй холбоотойгоор мөрдөн байцаах ажиллагаанд тээг болох вий, улстөржилт явах вий гэж үзэж ОУПХ-ноос дэмжлэг хүссэн. Гуравдугаарт, нотлох баримт болон үйл явдлуудыг харахад зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй, өндрөөс унасан байдалтай гэмтлийн улмаас нас барсан. Унах болсон шалтгаан учир битүүлэг байна. Өөр нэг мэдээллээр тодорхой хүмүүсийн дунд маргаан болсон байж болзошгүй гэсэн таамаг маш хүчтэй яригдаж байгаа учраас манай цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөлөлгүй үйл ажиллагаа явуулах нь эргэлзээтэй байна. Тиймээс дотоодын хууль тогтоомж, мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж байж асуудал илүү тодорхой болох байх.
-ОУПХ та нарын хүсэлтэд хариу өгсөн үү?
-ОУПХ-ны хамгийн чухал хэсэг нь хүний эрхийн асуудал байдаг. Хуучин парламентын, тус холбооны гишүүн байсан хүн Төрийн ордонд нас барна гэдэг нь хүний эрхийн асуудалтай холбогдож байгаа учраас анхаарал тавина гэсэн.
-Талийгаачийн ар гэрийнхэн энэ хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хүнээ алдсан хүмүүс хэцүү байгаа. Гадуур олон зүйл сонсогдож байна. Өвчнөөс болж нас бараагүй урчаас хардлага дагуулж байгаа. Тэр хардлагыг бодитоор олохын тулд эрх барьж байгаа, засаглал барьж байгаа хүмүүсийн дор ажиллаж байгаа хуулийн байгууллага асуудлыг хурдтай, үнэнээр нь шийднэ гэж бодохгүй байгаа учраас олон улсын байгууллагын хяналт байх ёстой гэж үзэн саналаа гаргасан. Эрх баригчид яаж ажилладгийг өчигдөр Үндсэн хуулийн Цэц харууллаа.
-Энэ хэрэгт УИХ-ын зарим гишүүн холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа нь нэг улстөрчийн гэхээс илүү нам хоорондын асуудал болох вий гэсэн болгоомжлол бий гэх хүмүүс байна?
-Сонгууль ойртож байгаа учраас аль аль намаас улстөржүүлэх гэж оролдох байх. Гэхдээ улс төрөөс ангид, хүний амь нас хохирсон асуудлыг илрүүлэх шаардлагатай байна. Тиймээс эцсийн дүгнэлт гараагүй, асуудал шийдэгдээгүй байхад хэн нэгнийг буруутгах, түрүүлж хашгирахыг хүсэхгүй байна, АН. Гэхдээ үйл явдал, нотлох баримт асуудлыг улам бүр аюултай буюу эгзэгтэй нөхцөл байдал руу түлхээд байгаа учраас бид болгоомжилж, хөндлөнгийн хяналт байх ёстой гэж үзсэн.
-Та хуулийн байгууллагын шалгах асуудалтай холбоотой АН-аас байгуулсан ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хэргийн талаар шинэ мэдээлэл байна уу?
-Шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр зүрх нь хаагдаагүй, цус харвалт биш. Гэмтлийн улмаас амиа алдсан гэсэн. Тэр гэмтэл нь өндрөөс унаснаас үүссэн үү, эсвэл гадны нөлөөтэй байсан уу гэдгийг дахин нягталж шалгаж байгаа. Тухайн хэрэг гарсан өдөр нэр бүхий улстөрчид, гишүүд маш их хэмжээний архи уусан, агсам тавьсан гэсэн мэдээлэл нь тодорхой байгаа. Архидсан гишүүд өрөөгөө учиргүй цэвэрлэсэн.
-Талийгаачийг нас барснаас хойш тодорхой хугацааны дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Дуудлага өгөөгүй шалтгааныг тодруулж үзэв үү?
-Тусгай хуультай Төрийн ордны журам, зохицуулалт, дарга цэрэг хоорондын харилцах үйл явц гээд олон асуудал байх шиг байна. Ер нь бол цагдаагийн байгууллага гудамжнаас Төрийн ордонд орж ирж энэ хэргийг шалгаж, илрүүлэхэд хүндрэлтэй байх шиг байна
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.