УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Татварын багц хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх, мөн өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсчээ. Оюутолгойн гэрээний дүгнэлттэй холбоотой мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бүлгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Харин Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн гэрээг яаралтай хэлэлцэх ёстой. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаагүй байсан. Тиймээс хэлэлцүүлэх саналаа бүлгийн удирдлагад хэллээ. Нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах хэрэгтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн” гэлээ.
Харин бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын улс төрийн үйл ажиллагааг нь 5 жилээр хасах шийдвэр гаргасантай холбоотой асуудалд “2 гишүүний асуудлыг Удирдах зөвлөл хуралдаад Хяналтын хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Дамба-Очир гишүүний хувьд нууцын зэрэглэлд багтах материал задлаагүй. Раднаасэд гишүүний тухайд ажлын дэд хэсгээс оруулж ирсэн саналаар Байнгын хорооны дарга санал хураалгасан юм билээ” гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.