МАН сонгуулийн зам мөрөө засаад эхэллээ

2019-05-14 Нам хөдөлгөөний амьдрал

Ирэх жилийн их сунгааны анир зуны эхэн сартай зэрэгцэн эхлэв бололтой. Тэгээд ч ердөө жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно.  Эрх баригч намынхан хүмүүний сэтгэлийг уяраам хуулийн төсөл боловсруулж, гоё юм яриад эхэллээ. Сүүлийн үед тэд иргэддээ таалагдаж, түмний хайрыг хүсэх болжээ. Бодвол дөрвөн жилд нэг удаа өртөөчлөх их сунгааны буян заяа биз ээ.

Тэд 192 мянган ядуу өрхийг орон сууцжуулах, хуулийн төсөл боловсруулан Итгэлийн зээл хэмээн нэрийдэв. Гэхдээ ч энэхүү даржин нэртэй, хайр татам төсөл бол “ах” намын өнгөрөгч сонгуулийн мөрийн хөтөлбөрийнх нь амлалтын нэгээхэн хэсэг билээ. Тэгэхээр ийнхүү гурван жилийн дараа эрх баригч намынхан гэнэт өнгөрсөнд ярьсан хэлсэнээ санаж буй нь яах аргагүй ирэх сунгаа ойртож буйн илрэл юм.  Тодруулбал, МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, иргэдэд гурван хувийн хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барих талаар улс төрийн шийдвэр гаргалаа. Нийт УИХ-ын 27 гишүүн санаачилсан бөгөөд хуулийн төслийн талаар Засгийн газар болоод бусад байгууллагын саналыг аваагүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль дөнгөж боловсруулагдаж дуусч байна гэсэн үг. Хууль санаачлагчдын зүгээс “2016 онд 3 сая 100 мянган иргэнтэй, 907.5 мянган хүн амын 25 хувь нь ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс харахад манай улсын багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байгаа нь тодорхой байна. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан” гэдгээ тодотгосон.

За тэгээд төр нэг удаа иргэддээ “боломж” олгож байгаа учраас Төрийн банкаар дамжуулахаар тооцоолж байна гэв. Өөрөөр хэлбэл, жилд 200-300 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулж, эрсдэлийг нь төр өөрөө даана гэж “том” дуугарсан гэдгийг энд тодотгоё.

Гэхдээ л алив зүйл хоёр талтай гэж… Мэдээж, гуравхан хувийн хүүтэй, 20 хүртэлх сая төгрөгийн зээл гэдэг бол энгийн иргэдэд алтан боломж. Харин нөгөө талд эрх баригч намынханд том харж, хийх ажил толгойтой үснээс нь их байна. Наанадаж 2016 оны сунгаанаар гаргасан мөрийн хөтөлбөртөө багтсан зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бий болгох, амьжиргааны түвшинг сайжруулах, яриад байгаа эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулах, өргөн хэрэглээний барааны үнэ өсгөж байгаа шалтгаануудаа засч, залруулах, ажлын байр нэмэгдүүлэх гээд “түүхий” ажлууд тоолж барашгүй. Гэвч өнгөрсөн хугацаанд МАН эрх мэдэл, сандал суудлын төлөө дотроо тэмцэлдсээр бүрэн эрхийнхээ гурав дахь жил рүүгээ хэлтийв. Одоо ч сандал суудлын “тэмцэл” нь дуусаагүй ирэх сонгуультайгаа золгох нь ээ. Юутай ч ядарсан түмний эмзэг сэдэв дээр дөрөөлсөн Итгэлийн зээл “ах” намын ирэх сунгааны гол тулгуур байх ажээ.

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.