Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчиллаа

2019-03-5 Мэдээ, мэдээлэл
Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчиллаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нэгэн хувийн компани худалдан авахад нь Худалдаа хөгжлийн банк оролцсон байх магадлалтай хэмээн өчигдөр танилцуулж байсан. Өөрөөр хэлбэл, санхүүгийнх нь эх үүсвэрийг босгосон схем нь үүнийг гэрчилж байгааг тайлбарласан юм.

Тэгвэл Эрүүгийн цагдаагийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчлаад байна. Мөн энэ цаг мөчид Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчилжээ.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монгол зэс” корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өнөөдөр үүрээр баривчлан хуулийнхан байцаалт авч байгаа ажээ. Байцаалтыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан авч байгаа гэх мэдээлэл байна. Тэрбээр байцаалтын үеэр гарч ирж агаар амьсгалахдаа хэвлэл мэдээллийнхэнд “Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна” гэжээ.

 

Ямартай ч энэхүү баривчлагааны талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү “ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэгт хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс” корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг хэлж байгаа юм.

О.ГЭРЭЛ

 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.