МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж 60 тэрбумын схемийг боловсруулсан гэх НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг намаасаа хөөчихлөө. Сонгогчийн нүдээр харвал шударга шийдвэр. МАН гоё харагдаж байна. Тэд олон жил эл салбарт эзэн суусан УИХ-ын дарга асан М.Энхболдын мөчир салаа бүхнийг хотоос цэвэрлэж эхэллээ. Нэг үгээр, Ардын намын хойчийг залгамжлагчид сонгуулиас өмнө алдар хүндэд нь сэв суулгаж буй хэн бүхнийг шахах төлөвлөгөөнд оржээ. Энэхүү ажиллагааг Ерөнхий сайдын тушаалаар гүйцэлдүүлж байгаа гэх шум эл хүрээнд цуурч байх. Мэдээж намын Удирдах зөвлөлийнхөн энэхүү цэвэрлэгээг ирэх сонгуулийн зам мөрөө бодож хийж буй юм.
Мөн Ерөнхий сайдын итгэлийг үл хүлээгч, Удирдах зөвлөлийнхний шийдвэрийг эсэргүүцсэн хотын даргад горилогч С.Мөнхчулууныг намын гишүүнчлэлээсээ түтгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Түүний тухайд, төрсөн дүү нь олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан, хар тамхины хэрэгт удаа дараа нэр холбогдсон гэх таагүй мэдээллүүдтэй нэгэн. Түүнээс гадна С.Мөнхчулууны болон түүний хамаарал бүхий этгээдүүд ёс зүйгүй үйлдүүдэд нэр холбогдсон учир ийм хүнээр хотыг удирдуулах боломжгүй гэж үзэн түүнийг хотын даргад батламжлаагүй бололтой. Мэдээж ийм анкеттай нөхөр “цэвэрлэгээ” хийж буй намд нийцэхгүй байх нь зүйн хэрэг.
Гэвч унасан бөх ууртай гэгчээр НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргын сунгаанд эргэн ирэхээ мэдэгдэж байх юм. Тэрбээр хөөгдсөн намынхаа Удирдах зөвлөлд өргөдөл гаргаж, НИТХ-ын төлөөлөгчийн хувьд өрсөлдөнө гэнэ дээ. Түүгээр ч зогсохгүй мань эр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа “Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу нэр дэвшсэний төлөө намаас хөөж байгаа нь шударга бус байна. Өмнө нь надтай өрсөлдөж, олонхийн санал авч чадаагүй С.Амарсайхан НИТХ-ын даргад өрсөлдсөн. Намын бодлого сөрсөн гэдэг үндэслэлээр хөөгдөж байж болохгүй. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ч намын бодлогыг сөрсөн. Дээрээс дэмжлэггүй гишүүдээ намаас хөөж болохгүй. Би МАН-ын Удирдах зөвлөлд өргөдөл гаргана. Би намын бодлогоор заалнаас нэр дэвшээгүй. Тийм учраас дахин нийслэлийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгчийн хувьд өрсөлдөнө” гэж байх юм.
Харин галт тэрэг хэдийнэ хөдөлсөн. Ерөнхий сайд эл асуудлыг хуулийн хүрээнд хүчингүй байхаар нүх сүв бүхнийг нь таглачихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэднийг намын шинэчилсэн дүрмийг зөрчсөн хэмээн үзэж ийнхүү шийдвэрлэсэн. Харин тус намын зарим гишүүний хэлж байгаагаар С.Мөнхчулууныг хотын даргын сунгаанд дахин үзнэ хэмээн мэдэгдсэн тул урьдчилан арга хэмжээ авч байгаа нь энэ хэмээн хэлж байгаа юм.
Ямартай ч С.Мөнхчулуун дахин хотын даргын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдсэн. Өмнө нь заалнаас нэр дэвшиж, олонхийн дэмжлэг хүлээсэн тул дахин сонгогдох магадлал ч өндөр. Тиймээс Ерөнхий сайд дахин батламжлахаас татгалзахын оронд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг ийнхүү намын батлахыг нь хураасан байж ч мэдэх юм. Гэхдээ намын дүрэмд зөрчлөө арилгасан тохиолдолд өргөдлөө өгөөд орж болно гэдэг. Эрх барьж байгаа, олонхийн суудал авсан намаас эхэлж нэр дэвшүүлнэ. Дараа нь ИТХ-ын төлөөлөгчийн хүрээнд нэр дэвшүүлж болно гэсэн заалт байдаг. Иргэдийн хурал гэдэг маань намын төлөөллийн байгууллага биш. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд зааснаар “Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайд нэг удаа буцааж болно. Буцаасан тохиолдолд НИТХ-ын 15 хоногийн дотор хуралдаж, Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжилна” гэсэн заалттай гэж байгаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.