Олон улсын сүлжээ түргэн хоолны Зайсан дахь KFC газраар үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-д хандаж, зарим нь тус төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тус асуудалтай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “KFC сүлжээ хоолны газраас хоол идсэн 16 хүн ойр ойрхон цусархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, дотор муухайрах гэсэн эмнэл зүйн шинжтэйгээр ХӨСҮТ-д ирж эмчлүүлж байна гэсэн мэдээлэл бидэнд хоёрдугаар сарын 12-ны 15.00 цагт ирсэн. Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс 3 байцаагч томилогдож, хоол үйлдвэр үйлчилгээ, эрүүл ахуй халдвар хамгаалал чиглэлээр ажилласан. Бид ажиллах хугацаандаа нэгдүгээрт тус газрын тоног төхөөрөмж, эд зүйлийг гадаргуугаас 20 эрүүл зүйн арчидас, хоёрдугаар сарын 9-12-ны хооронд хэрэглэж байсан 39 төрлийн хоолны дээж, 20 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ундны усны 2 дээж, агаарын 5 сорьц, хэрэглэж байсан ундааны 4 сорьцыг авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлээд байна. Зайсан салбарт ажиллаж байсан нийт 28 хүнээс ХӨСҮТ-өөс нян тээгч илрүүлэх шинжилгээг авч шинжлүүлж байгаа. Хордлого болсон иргэд Зайсан KFC салбараас “Найзууд” багц, бусад зүйл авч идэн 2-3 хоногийн дотор халуурч, гүйлгэсэн шинж тэмдэг өгсөн учраас Зөрчлийн тухай хуулийн 1.8-д заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээд ажиллаж байна.
Одоогоор ХӨСҮТ-өөс албан ёсны шинжилгээний хариуг манайд өгөөгүй байна. Мөн манай төв лабораторид хийсэн шинжилгээний хариу хараахан гараагүй. Уг шинжилгээний хариуг хоёрдугаар сарын 18-нд өгнө гэсэн” гэв.
Дашрамд дуулгахад, Мэргэжлийн хяналтын 2017 оны төлөвлөгөөт шалгалтаар Зайсан KFC салбар бага эрсдэлтэй, 2018 онд дунд эрсдэлтэй гарч байжээ. Хоёрдугаар сарын 14-ны өдөр мөн Нийслэлийн шуурхай утсанд Home Plaza KFC салбараас хоол авч идсэн иргэн 2-3 хоног гүйлгэсэн гэх гомдол иржээ. Гомдлын мөрөөр Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс Home Plaza KFC салбарын хүнсний бүтээгдэхүүн бусад зүйлээс дээж аван лабораторид шинжлүүлж байгаа ажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.