УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Хуулийн төсөлд, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйл буюу иргэний зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой заалтыг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх байсныг 2021 он болгож хойшлуулахаар тусгасан байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Иргэний зорчих эрхийг хязгаарлахдаа цахим хяналтын төхөөрөмж ашиглахаар төлөвлөсөн. Энэ дагуу “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг БНСУ-ын “Эксим” банкны 9.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар болж, ТЭЗҮ-ийг боловсруулсан юм. Харин БНСУ-аас тус төвийг байгуулах төсвийг 16.1 сая ам.доллар болгон өсгөх санал ирүүлсэн. Манай Улсаас төсвийг хамгийн ихдээ 10.4 сая ам.доллар байх саналыг Солонгосын талд дахин хүргүүлээд байна. Энэ асуудал хараахан шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Тиймээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийг 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Ц.Гарамжав гишүүн, “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг нэн даруй байгуулах хэрэгтэй. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш гэмт хэргийн гаралт хоёр дахин буурсан судалгаа бий” хэмээв.
Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэмт хэргийн гаралт буурч байгаа нь шинэ хуулиуд хэрэгжиж эхэлснээс гадна цагдаагийн алба хаагчдын чадвахр нэмэгдэж, үүргээ сайн биелүүлж байгаатай холбоотой гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр, “Эрүүгийн болон Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсний дараа хуулийн тэгштгэлээр хулгай, хүчин, хүний амь хөнөөсөн, онцгой анхаарч байх ёстой хүмүүс суллагдсан. Үүнээс үүдэн гэмт хэргийн асуудал хүндэрч байгааг шүүгч нар хэлж байна. Ер нь Эрүүгийн хуулийг өөрчлөөд байх нь буруу” гэлээ.
Мөн Ц.Мөнх-Оргил гишүүн иргэний зорчих ялыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэдгийг дурдлаа. Өөрөөр хэлбэл, малчин иргэнийг түлшиндээ явах, малаа хариулахыг нь хориглох боломжгүй бөгөөд түүнд хяналт тавих боломжгүй гэдгийг хэлсэн юм.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувь дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.