Ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.5 хувийг бүрдүүлжээ

2019-01-31 Мэдээ, мэдээлэл


СЗХ-ноос мэдээлснээр даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд 341.3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг 2017 оныхтой харьцуулахад даатгалын хөрөнгө 39.4 хувиар өсөж, ДНБ-ний 1.3 хувийг эзэлж байна.

Санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт эзлэх даатгалын хөрөнгийн хэмжээ 2017 онд 17.7 хувь байсан бол 2018 оны IY улирлын байдлаар 20.5 хувь болж өсжээ. Салбарын нийт хөрөнгийн 76.9 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна.

Энэ салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдэн хөрөнгийн бүтэц өөрчлөгджээ. Даатгалын нийт хураамжийн орлого өмнөх оноос 24.3 хувиар өсөж 179.4 тэрбум төгрөг болов. Энэхүү өсөлтийн 93.6 хувийг ердийн даатгалын компаниудын нийт хураамжийн орлого бүрдүүлж байна.

Хураамжийн орлогын төвлөрлийг авч үзвэл, даатгалын зуучлагчид 46.2 тэрбум төгрөг буюу 25.8 хувийг, даатгалын төлөөлөгчид 58.7 тэрбум төгрөг буюу 32.7 хувийг тус тус бүрдүүлжээ.

Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 57.8 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 32.2 хувийг эзэлж байна. Үүнээс ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.5 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нөхөн төлбөрийн зардал 27.8 хувиар өслөө. Даатгалын салбарын үзүүлэлтүүд ийнхүү өсөж буйг мэргэжилтнүүд эдийн засаг сэргэж буйтай холбож байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.