Авлигатай тэмцэх газрын дарга, Tэргүүн комиссар Х.Энхжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 47 дугаар зарлигаар томилогдсон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Л.Хангайг хүлээн авч уулзлаа.
Тэргүүн комиссар Х.Энхжаргал Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, өнгөрсөн онд Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэн, олон нийтийн идэвхтэй оролцоонд түшиглэсэн, шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх, төрийн бүхий л үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгоход түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлж, үүнд Олон нийтийн зөвлөлийн үүрэг чухлыг онцлон, цаашид тус зөвлөлийн гишүүнээр хамтран ажиллах болсонд талархлаа илэрхийлж, Л.Хангайд ажлын амжилт хүсэв.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, албаны бусад хүмүүс байлцав.
Л.Хангай нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй, 1979-1988 онд Шүүх яаманд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан төдийгүй 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, 1994-2000 онд “Чингис хаан” зочид буудлын цогцолборын ерөнхий захирал, 2000-2005 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Тэргүүн дэд дарга, 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Одоо “Монголын элчин сайдын клуб” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.
Эх сурвалж: АТГ