Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байгаа нь үнэн

2019-01-29 Улс төр


Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг 400 орчим сая ам.доллараар худалдан авсан асуудал МАНАН бүлэглэлтэй холбоотой. Тэд энэхүү 49 хувийг Сингапурт худалдах гэж байна гэх асуудлыг УИХ- ын гишүүн Л.Оюун-эрдэнэ мэдээлсэн юм.

Тодруулбал, энэ мэдээлэл үнэн бөгөөд улсын бүртгэлийн газар, Чингэлтэй дүүргийн нотариат дээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах, эрх шилжүүлэх гэрээг баталгаажуулсан байсныг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгчээ. Эрдэнэтийн 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авахдаа төрийн мөнгө оролцуулсан, худалдан авах ажиллагаа нь хууль бус явагдсан асуудлаар шүүхийн маргаантай байгаа юм.

Харин 40 сая ам.доллараар Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлж байгаа нь энэ асуудлыг Монгол Улсын мэдлээс гаргах гэж байгаа тул нэн яаралтай арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас хүсжээ. Хэрэв Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Сингапурын компанид бүрэн шилжвэл Оюутолгойн ордтой адил манай улс бүрэн хянах боломжгүй болно хэмээн онцолж байна. УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг өнгөрсөн оны гуравдугаар сард томилогдсон ч өнөөдрийг хүртэл дүгнэлтээ гаргаагүй байгаа нь ажлын хэсгийн гишүүдийг тус компани дайлж цайлдагтай холбоотой гэдгийг ч мөн хэллээ.

Энэ мэтчилэн МАНАН бүлэглэл монголын баялгийг гаднынханд шилжүүлэх ажлыг хийгээд зогсохгүй хууль бусаар газрын наймаа эрхэлж байгааг онцолсон юм. Тухайлбал, нийслэлийн төв талбайг нэг компани эзэмшиж талбай дээр барилга байгууламж барих зураг төсвөө гаргасан байгаа мэдээлэл ч гишүүдэд иржээ. Үүнийг бас Эрдэнэтийн 49 хувийг авсан хүмүүс хийж байгаа гэдгийг хэлсэн юм. Ийнхүү МАНАН бүлэглэлийн төрөөс давсан эрх мэдэл хэрээс хэтэрсэн гэдгийг гишүүд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.