МҮЭ-ээс мэдэгдэл гаргаж байр сууриа илэрхийлэв

2017-04-13 Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ,
ЗАСГИЙН ГАЗАРТ ХАНДАЖ ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2017 оны Улсын төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулиадад зарим төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлуудыг нэгэн зэрэг тусгасан нь ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн амьдралд шууд сөргөөр нөлөөлж ядуурал, орлогын хомсдлыг улам нэмэгдүүлэхэд хүргэж байна.
Сүүлийн гурван жил гаруй хугацаанд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй, валютын ханшны огцом өсөлт хүн амын худалдан авах чадварыг унагасан үед дахин татвар, шимтгэлийг нэмэгдүүлж байгаа үйлдэл нь хүн амын ядуурлыг улам гүнзгийрүүлнэ гэж МҮЭ-ийн холбоо үзэж энэ талаар удаа дараа байр суриа илэрхийлж ирсэн билээ. Монгол хүний дундаж наслалтын өсөлтийн хурдаас 2 дахин илүү хугацаагаар тэтгэвэрт гарах насыг нэмэхээр даатгал төлөгчид НДҮЗ-ийн саналыг авалгүйгээр Сангийн яам дангаараа санал оруулж байгааг эсэргүүцэж байна.
Улс орны эдийн засаг санхүүгийн хүндрэлийг нийгмийн түншлэгч талууд хамтран аль болох иргэд, хөдөлмөрийн хүмүүсийн амьдралд дарамт учруулахгүйгээр даван туулах тохиролцоог Монгол Улсын Засгийн газар дангаараа эвдэж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтууд зөрчигдөж, хуулийн дагуу хамтын маргаан үүсэх нөхцөл байдалд хүрч байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4 дэх заалтын хүрээнд татвар, шимтгэл нэмэгдүүлэх асуудлаар, 3.9 дэх заалтын хүрээнд хүн амын цалин орлого, шимтгэл, тэтгэврийн нас, ажлын байрыг хадгалах асуудлаар хэлэлцэж, зөвшилцөх саналыг МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөлгүй нийгмийн түншлэлийн зарчмаа зөрчиж байна.
Иймд нийгмийн зөвшилцөл, гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргийг биелүүлж 2017 оны төсвийн тодотголыг эцэслэн хэлэлцэж батлах, дагаж гарах хуулийн өөрчлөлтүүдийг хийхдээ хөдөлмөр эрхлэгчдийн санал байр суурийг харгалзан шийдвэр гаргахыг дахин шаардаж байна.
Нийгмийн зөвшилцөл, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдлаас үүсэх хамтын маргаан, ажил хаялт, нийгмийн тогтворгүй байдал түүний үр дагавар, хариуцлагыг Монгол Улсын Засгийн газар хүлээх болно гэдгийг мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОЛБОО

2017 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 13-ны өдөр хот

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.