Н.Номтойбаяр: Уг нь бол 32 лиценз,гэхдээ энд зарчмын ялгаа алга

2019-01-18 Улс төр

МАК компани уул уурхайн 36 лиценз эзэмшиж байна. Энэ асуудалд олон нийт дургүйцэж, цахим ертөнц болон бусад сувгаар дургүйцлээ илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс тус компанийн эзэмшилд байдаг Цагаан суваргын ордыг ард түмний мэдэлд өгнө хэмээн мэдэгдээд байгаа. Харин энэ талаар эл компанийн хамаарал бүхий УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа ерөөсөө мэдэхгүй байна. 36 лиценз гэж байна. Түүнийг нь ойлгомжтой байдлаар тайлбарлавал, нэг компани хайгуулын талбайгаа өргөтгөх шаардлага гарвал хуулиараа дахин лиценз авдаг. Тэгэхээр олон харагдаад байна. Уг нь бол 32 гэхдээ зарчмын ялгаа алга. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Жишээлбэл, цементийн үйлдвэрийн дор шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрс гээд түүхий эд бүгд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын яриад байгаа Монголын ард түмний шаардаад байгаа аж үйлдвэрийн бодлого чинь шүү дээ.

Хоёрдугаарт, Хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэрэв хууль зөрчсөн бол над шиг баримтыг нь үзүүлээд тэдэн сарын тэдний өдөр хууль бусаар ийм лицендийг авчихсан юм гээд ярьчихмаар байгаа юм. Шууд хүн гүтгэж болохгүй. Дээрээс нь улс төртэй холбоотойгоор хийж бүтээдэг хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Би өөрийнхөө аавыг хэлж байна.

Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө хулгай хийж, хууль бус зүйл хийж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй холбогдож үзээгүй. Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Энийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдчихсөн, хийж бүтээдэг хүн. Маш олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар хангаж байгаа. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатарын яриад байгаа төсвийн орлого нэмэгдсэн нь Нямтайшир тэргүүтэй Монголын бизнесменүүдийн ач гавьяа. Ерөнхий сайд, ИХ-ын гишүүдийн цалинг олгож байгаа шүү дээ. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх гэж байна. Үүний мөнгийг баялаг бүтээгчид өгдөг. Хийж бүтээж байгаа хүмүүс рүүгээ дайрч байгаа нь маш гутамшигтай. Үүнийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй.

Мөн улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцыг гишүүний хувьд хэрхэн харж байгаа талаараа “УИХ-ыг тараах нь цорын ганц зам, Ерөнхий сайд тэргүүтэй ЖДҮ-чид чинь 30 гарчихсан. Би үнэнээ л хэлье, дийлэхгүй юм билээ” хэмээв.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.