Баярын өдрүүдэд харьцангуй тайван байжээ

2019-01-2 Мэдээ, мэдээлэл

ЦЕГ, ТЦГ НЦГ хамтран мэдээлэл хийв. Баяр ёслолын өдрүүдэд гэмт хэрэг зөрчил өнгөрсөн жилээс харьцангуй буурсныг албаныхан мэдээллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, иргэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл сайтай байгаа зэрэг нь хэрэг зөрчил буурахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал дээрмийн гэмт хэрэг өнгөрсөн жилээс 60 гаруй хувиар буурсан бол хулгай өнгөрсөн жил 200 гаруй гарч байсан бол энэ жил 60 гаруй гарсан үзүүлэлттэй байна.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хагаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Шинэ жил 2018 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Улсын хэмжээнд 4,028 офицер, 5,397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэлээ. Гэмт хэрэг зөрчлийн 8,158 дуудлага мэдээллийг хүлээн авч, гэр бүлийн хүчирхийллийн 1,110 дуудлагыг хүлээн авснаас 960-ийг хуулийн дагуу шийдвэрлэсэн.

11 гэмт хэргийг Цагдаагийн албан хаагчид илрүүлж, согтуугаар танхайрсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1,282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 8 иргэнийг баривчилсан.

Ар гэр асран хамгаалагчид 361 хүнийг хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 7,286 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгасан байна.

Гэр бүлийн хүчирхийллээс хохирсон байж болзошгүй 25 хүнийг түр саатуулах байранд байрлуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Харин тэсэрч, дэлбэрэх бодис улсын хилээр оруулах ажиллагааг түр хугацаанд зогсоож ажилласан. Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдан борлуулах үйлдлийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан” гэв.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал “Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замын хяналтандаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэсэн ба эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжиллээ.

Хоногийн нөхцөл байдлын мэдээгээр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл 892 хүлээн авснаас 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэлээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол зөрчлийн улмаас 5 хүний амь нас хохирч, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Зам тээврийн ослын улмааас амь насаа алдсан хүн өсөлт бууралт үгүй, гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өсчээ.

Хүний амь нас хохирсон осол Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдсэн ба хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг нь авч үзвэл 3 явган зорчигч, 1 жолооч, 1 тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Эдгээр ослын 60 хувь нь орон нутгийн замд онхолдох хэлбэрээр гарсан.

Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 3 бүртгэгдсэн, хүний амь нас хохирсон осол бүртгэгдээгүй, 3 хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурчээ.

Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 18.9 хувиар, нийслэлд 18.6 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд 3.8 хувиар, нийслэлд 7 хувиар буурсан байна” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.