Хүйтний эрч сүүлийн хэдэн хоногт огцом чангарч, хойд туйлын хүйтэн агаар хот, хөдөөгийн иргэдийн өвөлжилтийн бэлтгэлд “дүн” тавьж эхлээд байна. Хөдөө орон нутагт зам даваа хаагдаж, зарим аймагт хүн, мал зутарч байгаа мэдээтэй. Харин нийслэлчүүд бидний хувьд, жилийн жилд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэлд “дарлуулах” нь элбэг байдаг. Тэр утгаараа өвлийн улиралд гэмтсэн иргэдийн дийлэнх нь замын халтиргаа гулгаанаас болж унаж, бэртсэн, хөл гараа хугалсан байдалтай ирж байгааг ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч П.Баярсайхан тодруулж буй юм. Ийнхүү түүнтэй эл сэдвээр ярилцаж, иргэдэд болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
-Хүйтний эрч чангарахын хэрээр хөлдөлт, осголтын дуудлага эрс нэмэгддэг. Ер нь өдөрт хичнээн энэ төрлийн дуудлага хүлээн авч байна вэ. Осол гэмтлийн дийлэнх хувийг ямар бэртэл эзэлж байна?
-Жилийн жилд өвлийн улиралд осголт, хөлдөлт эрс нэмэгддэг. Манай Яаралтай тусламжийн 24 цагийн тасагт өдөрт 350-460 хүн ирж байна. Эдгээр хүнийг насжилтын байдлаар нь авч үзвэл 25-30, 50-60 болон бага нас гэсэн ангилалд багтааж болно. Харин эдгээр иргэний дийлэнх нь зам тээврийн ослоор ирдэг. Удаах шалтгаан нь архидан согтууралтай холбоотой осол гэмтэл. Гуравдугаарт, өндрөөс унаж гэмтэж бэртэх явдал их байна. Түүнчлэн хөлдөж осгосон иргэдийн цуваа ер нь л тасардаггүй, хүйтний улиралд. Харин тавдугаарт, түлэгдэлт тодорхой хувийг эзэлсээр л байна.
-Шинэ жилийн уур амьсгал орж, албан байгууллага болон найз нөхдийн хүрээнд баяр тэмдэглэх явдал их байна. Ийм үед Та бүхний зүгээс нийт иргэдэд хандаж, ямар зөвлөмж хүргэх вэ?
-Баяр дөхсөн энэхүү өдрүүдэд осголт хөлдөлт их гарч байна. Тиймээс албан байгууллага, хувь хүмүүс баяр тэмдэглэхдээ нэгнийгээ сайн хянаж, согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнийгээ гэр оронд нь хүргэж өгөх, ганцаар нь явуулахгүй байх зэрэгт л анхаармаар байна.
-Ер нь тухайн хүн чих, гараа ч юм уу ямар нэгэн эрхтэнээ хөлдөөлөө гэж бодоход цасаар үрэх ч юм уу, усанд барьдаг. Энэ бол гэрийн арга. Харин ийм үед иргэд хэрхэх ёстой вэ, мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэнэ үү?
-Тэгэхээр хөлдөлт гэдэг нь нам даралтын температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлдэг. Ер нь ихэнх тохиолдолд биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих хамар, хацар, эрүү, гар хөлийн үзүүр ихэлж хөлддөг. Нэгэнт хөлдсөн хүнд анхны тусламж үзүүлэхдээ эхний ээлжинд салхи, бороо, цасан шамрага, чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачих хэрэгтэй. Тэгэхдээ хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө. Мөн хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана. Мэдээж хүйтэн, нойтон хувцсыг нь тайлаж, дулаан хөнжлөөр хучиж хэвтүүлнэ. Ингэхдээ дулааныг барихын тулд толгойг нь хучна. Хэрвээ ухаантай байвал халуун юм уулгана. Түүнчлэн хоёр янзаар тухайн хүнийг дулаацуулж болно. Үүнд, шууд биеийн дулаан хэсгээр хүрэлцүүлэх. Жишээ нь хөлдсөн гар хөлийг анхны тусламж үзүүлэгч та өөрийн биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /суга, хэвлий гэх мэт/, хамар, чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулах. Мөн гадны зүйлээр буюу бүлээн жин, шилтэй ус зэргийг том судасны цэгүүд дээр тавих. Хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай ойролцоо буюу 36.5-37 градусын температуртай бүлээн усанд дүрнэ. Хөлдсөн хэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ. Мөн цэвэр боолт хийх хэрэгтэй. Гэхдээ мэдээж боолт хийх шаардлагатай бол шүү дээ. Хэрвээ хөл, гарын хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно. Ингээд шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ.
-Тэгэхээр бас түлэгдэлт осол гэмтэлийн дийлэнх хувийг эзэлсээр байна. Үүний гол шалтгаан болоод, ямар насныхан зонхилж байна вэ?
-Голдуу бага насныхан их түлэгдэж байна. Жишээ нь 10 хүн тутмын найм нь хүүхэд байх жишээний. Тиймээс эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас л шалтгаалж, түлэгдэлт их гарч байгаа нь харагдаж байна. Насанд хүрсэн хүний тухайд, үйлдвэр болон ахуйн осол дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүний санамсаргүй байдлаас энэ төрлийн осолд өртөх нь элбэг байна. Уг нь иргэдэд түлэгдэлт гэх энэхүү аймшигтай осол гэмтэлээс сэргийлэх арга чарга бий.
-Тухайлбал, хүүхдийн түлэгдэлтийн осол юунаас зонхилж байна вэ?
-Ер нь гэр хороолол гэлтгүй байрны айлуудад ч энэхүү осол их гарч байна. Буцалсан ус, халуун хоолонд түлэгдэх байдал их байдаг. Ялангуяа, халуун тогоогоо газар тавьж, хоол цай хийдэг байдал нь энэхүү эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хүүхдийн тухайд, арьсных нь талбай бага хувийг эзэлдэг ч гэсэн маш ноцтой хүндрэл үүсгэдэг. Тиймээс аав, ээжүүд үр хүүхдээ цаг ямагт хараа хяналттай байлгахыг зөвлөж байна. Улс хүртэл хүүхдийг эрүүл саруул бойжуул гэж тэтгэмж өгдөг шүү дээ. Гэтэл асран хамгаалагчийн нийгмийн хариуцлага сул байгаагаас үүдэлтэй л энэ төрлийн “гамшиг” буурахгүй байгаа нь асуудал дагуулсаар байна.
-Сүүлийн үед угаарын хийд хордож тусламж хүсэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл сонсогдох боллоо. Энэ талаар тодруулна уу?
-Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой болов уу. Мөн сүүлийн үед иргэд газ ихээр хэрэглэх болсон. Газны буруу хэрэглээнээс үүдэн, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн гэр хорооллын айлуудад зонхилон ажиглагддаг буюу цахилгааны утасны бүрэн бүтэн байдал алдагдах нь энэ төрлийн осол гарах бас нэгэн шалтгаан болсоор байгаа юм. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, манайхан бага насны хүүхдээ гэрт нь хараа хяналтгүй түгжиж орхисноос болж, ямар нэгэн осол гарах явдал эрс нэмэгдэж байна. Үүнд, асран хамгаалагч нар хараа хяналтаа сайжруулах ёстой гэдгийг хэлмээр байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.