Монголын ноос, ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлаар Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.
– Монгол Улс нийт ноолуурын 70 хувийг түүхий эд чигээр нь гаргадаг. Манай улс дэлхийн нийт ноолуурын бараг 50 хувийг бэлтгэдэг хэр нь яагаад бүтээгдэхүүн болгож чадахгүй байна вэ?
– Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэж төр, засгаас ярих хэр нь бодитойгоор дэмжээд байгаа юм үнэндээ алга. Саяхан Засгийн газраас “Ноолуур хөтөлбөр”-ийг баталсан.
Манай салбарт тулгамдсан зарим асуудлуудыг энэхүү хөтөлбөрт тусгуулсан. Ноолуурыг угаагаад тэр чигт нь экспортолдог явдалд бид хориг тавиад өгөөч гэж олон удаа төр, засгаасаа гуйж байгаа. Ямартай ч хөтөлбөрийг дагаад хууль эрх зүйн акт гарч таарах байх. Угаасан ноолуурын экспортыг хориглох, хууль эрх зүй НӨАТ-ын хуульд өөрчлөлт орох байх гэсэн хүлээлт бидэнд байна. Ноолуурын салбарт төрийн зохицуулалт ус агаар мэт хэрэгтэй байна.
– Та ноолуурын салбарт зохицуулалт дутмаг байна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
– Үнэнийг хэлэхэд ноолуурын салбарт төрийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Гадаадын улс орнуудын жишгээс харахад төр хувийн хэвшилтэйгээ, төрийн бус байгууллага, холбоодынхоо үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, сайн менежерийн үүрэг гүйцэтгэдэг. Харин манайд энэ тогтолцоо алдагдчихсан. Төр нь данхайгаад хөдөлдөггүй. Бид одоо Японтой ээрэх гүйцэтгэн боловсруулах чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Япончууд манайхаас хамгийн түрүүнд ноолуур авна гэдэг. Тэгэхээр тэд манай ээрмэл бүтээгдэхүүний чанарыг сайжруулах хэрэгтэй гээд төсөл хэрэгжүүлэх гэж байна.
Япон руу бид ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэхэд сертификат шаарддаг. Манайд ийм баталгаажилт уг нь байгаа. Даанч төр хав дараад суучихдаг. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд үйлдвэрүүд “Хаан ширхэгт тэмдэг”-ийг бий болгосон юм. Энэ бол ТББ-ын оролцоо ямар байх юм, бүтээгдэхүүний чанар нь ямар байх юм, ямар журам баримтлах юм, төрийн оролцоо юу байх юм гээд олон шалгууртай. Одоо бидний Японтой хамтран хэрэгжүүлэх ээрэх үйлдвэрийн төсөлд “Хаан ширхэгт тэмдэг” хэрэгтэй байгаа юм.
Манай холбоо Азийн хөгжлийн банканд хандан “Энэ эрхийн тэмдгээ бидэнд өгөөч” гэтэл “ТББ-д өгвөл үйл ажиллагаа нь явахгүй. Төрд өгнө” гээд 2014 онд төр тэр тэмдгийн эзэмшигч болсон юм. Гэтэл одоо болтол таг чиг. Төрөөс тендер зарлахад нь манайх хоёр ч удаа тэнцээд байхад салбарын яам нь ч гэрээ байгуулдаггүй. Уг нь “Хаан ширхэгт тэмдэг” ноолууран бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гарахад нь сурталчилна, хэрэгжүүлнэ гэдэг мөртөө манайхтай гэрээ байгуулаагүй. Төр үнэхээр хүнд сурталтай байна.
Японы эдийн засаг худалдааны яамныхан манайд ирээд хэлж байсан, “Монгол ноолуурын үнэ өндөр, чанар тааруу байна. Үүн дээрээ анхаар. Та нарын бүтээгдэхүүнд 100 хувь ноолуур гэчхээд тийм биш байдаг” гэж хэлж байх жишээтэй. Өнөөдөр бидэнд баталгаажуулалт байхгүй учраас манай жижиг үйлдвэрүүд Хятадаас импортын утас авч бүтээгдэхүүн хийгээд экспортолж байгаа. Тэр утас нь цэвэр ноолуур биш. Ийм утсаар бүтээгдэхүүн хийгээд “Монголд үйлдвэрлэв” гээд гарчхаж байна шүү дээ.
– “Ноолуур” хөтөлбөр батлагдсанаар энэ салбарт ямар давуу тал гарна гэж та харж байна вэ?
– Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Монголын ноолуурын салбарын ойрын болон дунд хугацааны тогтвортой хөгжлийг хангах юм. Тодруулбал, Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн боловсруулалтын түвшнийг 60 хувьд хүргэнэ. Байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа. “Ноолуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн зорилтуудыг дэвшүүлсэн. Нэн тэргүүнд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүү, хөрөнгө оруулалт, татварын таатай тогтвортой орчныг бүрдүүлэх ёстой. Улмаар ямааны үүлдэр угсаа, ноолуурын чанарыг сайжруулах юм. Мөн ноолуурын боловсруулалтын төвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ. Цаашлаад байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, зорилтот зах зээлд чиглэсэн ээлтэй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх юм. Энэ салбарт тулгамдсан асуудлуудыг нэг бол боловсон хүчин байгаа. Иймд ноолуурын үндэсний хөтөлбөрт хүний нөөцийг эрэлт, шаардлагад тулгуурлан бэлтгэж, мэргэшүүлэх тухай асуудлыг тусгасан. Ур чадвартай ажиллах хүчинтэй бол үйлдвэрлэлийн бүтээмж тэр хэрээр нэмэгдэх учиртай.
Ноолуурын үндэсний хөтөлбөр 2018-2021 онд хэрэгжих юм. Энэхүү хөтөлбөрөөс бид дараах үр дүнг хүлээж байгаа. Тухайлбал, ээрмэл утасны үйлдвэрлэл 3-3.5 дахин, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4-5 дахин, экспортын хэмжээ тав дахин нэмэгдэхээр татварын орлого дөрөв дахин өснө.
Манай улсад үйлдвэрлэл хөгжихөд татвар санхүүгийн орчин бүрдээгүй. Арилжааны банкнуудаас жилийн 24 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаа явуулахаар үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байна шүү дээ. Тиймээс ноолуур хөтөлбөрт 500 тэрбум төгрөгийн багтаамжтай сан байгуулна гэж тусгаад байгаа. Энэ бол үйлдвэрүүдэд маш том дэмжлэг болно. Нөгөөтээгүүр үндсэн хөрөнгөнд нь 5-10 жилийн хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлье гэж байгаа юм.
– Ноолуурын салбарт ажиллах хүчин дутмаг байдаг гэж та хэллээ. Ажиллах хүчээ бэлтгэх талд хэрхэн анхаарах ёстой гэж үзэж байна вэ?
– Бидний явуулж буй сургалт бол манай салбарын амин чухал асуудлын нэг болсон хүний нөөцтэй холбоотой. Засгийн газраас АНУ, Япон, Солонгос руу ажиллах хүч гаргана гээд л квот тогтоогоод байдаг. Яг ажлын бүтээмж сайтай, эрүүл чийрэг ажиллах хүчээ гадагшаа алдаж байна. Гэтэл манай боловсруулах үйлдвэрт ажиллах хүн алга. Тэгсэн хэр нь төр засаг “Эдийн засгаа солонгоруулъя, олон тулгуурт эдийн засагтай болъё, боловсруулах салбарыг хөгжүүлье” гээд пиар хийгээд байдаг. Үнэн хэрэгтээ боловсруулах салбарт нь ажиллах хүчингүй болчхоод байна. Жилд ШУТИС-ийн хөнгөн үйлдвэрийн технологийн мэргэжлээр 20 хүрэхгүй хүн суралцаж байна. Элсэлт байхгүй болчихсон. Тиймээс бид “Ноолуурын хөтөлбөр”-төө инженер бэлтгэгч сургуулиудад тусгай тэтгэлэг олгуулах саналыг тусгуулсан. Салбарт ажиллах хүн байхгүй болохоор бид мэргэжилгүй, ажилгүй залуучуудыг авч ажиллуулж байна.
Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дунд судалгаа явуулахад гуравхан хүүхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллана гэсэн байгаа юм. Материаллаг баялаг салбарт ажиллах сонирхолтой хүн байхаа больчихжээ. Ажиллах хүчнээ бэлтгэх талд төрийн бодлого хэрэгтэй байна. Бид ур чадвартай хүний нөөц бэлдэхгүй бол цаашаа алхаж чадахгүй, экспорт хийж чадахгүй. Төр засаг ийм асуудлаа анхаарахгүй байж яаж ноос, ноолуурын салбараа хөгжүүлэх гээд байгаа нь хачирхалтай.
Бид холбооныхоо дэргэд Канадын Юнетерра хөтөлбөртэй хамтраад зөвлөл байгуулсан. Онолоосоо илүү практик давамгайлсан сургалт хэрэгтэй. ШУТИС-ийг төгсөгчдийг үйлдвэрүүд сургаж авахад маш их цаг хугацаа ордог. Гэтэл өнөөдөр секунд, минутаар бизнесийн салбар хөгжөөд байна шүү дээ. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад ур чадвартай боловсон хүчин хэрэгтэй.
– Манайд ээрэх тоног төхөөрөмж хангалтгүй байдаг талаар салбарынхан хэлж байсан. Гадаадаас авах боломж байдаггүй юм уу?
– Энэ төрлийн тоног, төхөөрөмж асар өндөр үнэтэй. Нарийны шугам нь НӨАТ-гүй дүнгээрээ 4.8 сая еврогийн үнэтэй. Бүдүүний шугам нь 1.9 сая еврогийн ханштай. Ийм үнэтэй тоног төхөөрөмжийг арилжааны банкнуудын өндөр хүүтэй зээлээр худалдаж аваад үйлдвэрлэл явуулна гэхээр ээрэх өөрөө ашигтай бизнес биш. Эцсийн бүтээгдэхүүнд үр ашиг нь гарчхаад завсрын дамжлага болох ээрэхэд үр ашиг гардаггүй. Ийм үнэтэй тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд төр НӨАТ-ын татвараас чөлөөлдөг ч юм уу, онцгой анхаарч үзэхгүй бол ноолуурын салбарыг дэмжинэ гэдэг амаргүй. Гэтэл ийм үнэтэй тоног төхөөрөмжийг бизнесийнхэн маань хуруу хумсаа хугалан байж оруулж ирэхэд хил гааль дээрээс шууд татварыг нь авдаг. Ямар ч үйлдвэрлэл хийж эхлээгүй байхад шууд л татвараар дарамталдаг.
Ноолуурын салбар бол өндөр үнэ цэнээр бүтдэг. Түүхий эд, тоног төхөөрөмж нь үнэтэй, ажиллах хүчин, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зэрэг асуудалд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Гарч байгаа зардал нь их. Харин зөв маркетинг хийж чадвал улс оронд орж ирэх үр өгөөж нь илүү. Өнөөдөр үйлдвэрлэлийн хөгжил хурдацтай байхад төр ийм назгай сууж болохгүй.
– Монгол ноолуураа бид хэрхэн брэнд болгох вэ?
– Нью-Иорк болон бусад том зах зээлд монгол ноолуур сайн чанартай хэмээн худалдаж авдаг юм. Тэрнээс бүтээгдэхүүн нь загвартай, дизайнтай гэдэг нэмүү өртгийг үүсгэж чадахгүй байна. Бид бүтээгдэхүүнээ зөв сурталчилж, брэнд бий болгож чадахгүй байна гэсэн үг. Тэд “Бүтээгдэхүүнийхээ загвараар гадаад зах зээл дээрх хэрэглэгчдийг татсан ажил хийж чадахгүй байгаа нь танайхны том алдаа. Дизайны том концепц алга” гэж байсан л даа.
Монгол ноолуурыг гадаад зах зээлд гаргахын тулд эко органик үйлдвэрлэл гэдгээ илүү таниулж мэдүүлэхэд сүүлийн үед их анхаарч, олон ч төсөл хөтөлбөрүүдэд тусгаж байна.
– Ноолуурын салбарынхныг гадаад зах зээлтэй холбоход танай холбооноос ямар ажлуудыг хийж байгаа вэ?
– Coterie-ийн үзэсгэлэн гэдэг бол дэлхийн текстелийн салбарын хамгийн том үзэсгэлэн. Манайх энэ үзэсгэлэнд зургаа дахь удаагаа оролцохоор явах гэж байна. “Буян”, “Говь”, “Гоёл кашмер”, “Алтай кашмер” зэрэг үйлдвэрлэгчид оролцоно. Ийм том үзэсгэлэнд оролцож байхад хэрэглэгчдийн зүгээс тавьж байгаа шаардлага өөр болжээ. “Та нар чанарын баталгаажуулалт хэрхэн явж байгаа юм.
Үйлдвэр компаниуд яаж оролцож байна” гэхчлэн тавьдаг шалгуурууд нь чангараад байдаг. АНУ бол үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон. Импортоороо Европын холбооны дараа ордог. АНУ-ын зах зээлд хүрч өрсөлдөхгүйгээр дэлхийн зах зээлд гарна гэдэг учир дутагдалтай. Тиймээс бид АНУ-ын зах зээлд гарахын тулд хэд хэдэн оролдлогыг хийгээд байна л даа. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлж байгаагаар Сенатын гишүүдийг лоббидож, бүтээгдэхүүнээ гаргах талд илүү анхаарч ажиллая гэж байгаа. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд үзэсгэлэнд оролцож, ижил төрийн бус байгууллагад нь манай холбоо гишүүнээр элсэх зэрэг боломжуудыг эрэлхийлж байна. Одоо бид Лас Вегас, Нью-Йоркт болдог үзэсгэлэнд оролцоод байгаа нь АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах, мэдүүлэх ажлаа хийгээд байгаа алхам юм.
– Танай холбооны зүгээс ойрын үед ямар ажлуудыг хийж байна вэ?
– Монголын ноос, ноолуурын холбооны зүгээс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор холбооныхоо дэргэд дизайнерын төв байгууллаа. Нэг дизайнер нэг жижиг, дунд үйлдвэрлэгчийг дэргэдээ бойжуулах юм. Тухайн компанийн загвар дизайныг нь сайжруулахад анхаараад зогсохгүй давхар хүнээ чадавхжуулна. Тиймээс ур чадвартай боловсон хүчин бэлтгэхийн тулд сургалтууд явуулж байна. Энэхүү сургалтаар бизнесийн англи хэл заахаас гадна бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд анхаардаг. Ямар ч компани шинэ санаа нэвтрүүлж, загвар дизайнаа сайжруулсан цагт л өсөж, томорно. Мөн манай холбоо лабораторитой болохоор зорин ажиллаж байгаа. Италийн Засгийн газрын 100 хувийн дэмжлэгтэйгээр бид технологи дамжуулах төв буюу лабораторийг холбооныхоо дэргэд байгуулах юм. Манай салбарт ганцхан нэхмэлийн хүрээлэнгийн дэргэд, сорьц, судалгаа шинжилгээний лаборатори гэж байдаг. Тэгвэл шинэ лаборатори маань үйлдвэр дундынх байх юм. Ингэснээр технологийн түвшинд тулгараад байгаа асуудлыг хамтаар шийдэхэд ач холбогдолтой. Үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад нь ямар нэг бэрхшээл тулгарвал холбоотойгоо харилцан ярилцаж, хамтаар туршилт, судалгаа хийх боломжийг Италийн Засгийн газраас олгож байгаа юм. Бас Европын холбоотой хамтраад “Тогтвортой ноолуур” төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Энэ мэтчилэн бид төрийн гарыг хараад зүгээр суухгүй байгаа.
– Танд баярлалаа, амжилт хүсэе.
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.