Монголын үндэсний үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
• “Азийн хүүхдүүд” олон улсын өвлийн спортын анхдугаар наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанааг томилов. Тус наадам нь 2019 оны 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд ОХУ-ын Сахалин мужид зохиогдох бөгөөд 8 спортын төрөл/уран гулгалт, гүйлтийн цана, цанатай харайх, хоккей, биатлон, сноубоард, шорт трек, уулын цана/-өөр 20 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцох юм.
• Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 15 спортын төрлөөр АНУ-ын Сан Диего хотноо зохиогдох билээ. Тус наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар томилогдов.
• ОУОХ-ноос МҮОХ-ны одоогийн мөрдөж буй дүрэм нь Олимпийн Харти болон Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж буй тухай баталгаажуулсан захидалтай танилцав.
Уг захидалд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны Гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор батлагдсан МҮОХ-ны дүрэмд тодорхойлсон байгаа санал өгөх систем нь Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчдийн санал олонхи байх шаардлагыг хангасан болохыг дурдаад холбогдох хүмүүст ОУОХ-ны албан ёсны байр суурийг мэдэгдэж, энэхүү тайлбарыг хүргүүлэхийг санал болгов.
Одоогийн мөрдөгдөж буй дүрмийн дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын 3 төлөөлөгчид тус бүр санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хэрэв МҮОХ-ны гишүүдийн хурлаар Олимпийн төрлийн спорт холбоодын 1 төлөөлөл нь 3 санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол МҮОХ-ны Гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, дүрэмд өөрчлөлт оруулан батлуулах ба ОУОХ-нд дахин илгээж баталгаажуулах журамтай болохыг мэдэгдэв.
• МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:
Ахлагч – Ж.Түмэн-Аюуш /МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/
Гишүүд – Э.Бадар-Ууган /МҮОХ-ны ЕНБД/
– Ч.Зоригтбаатар /Монголын хөнгөн атлетикийн холбооны ЕНБД/
– Ц.Нэргүйбаатар /Архангай аймгийн “Мехико” Олимпийн зөвлөлийн дарга/
– Ч.Бат-Эрдэнэ /Монголын даамны холбооны Хүндэт ерөнхийлөгч/
• МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар өөрчлөлт оруулав.
• МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргав.
Уг хүсэлтийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хурлаар хэлэлцэхээр товлолоо.
МҮОХ-ны дүрмийн 16.6-р заалт: Шаардлагатай тохиолдолд МҮОХ-ны ээлжит бус Чуулган болон Гишүүдийн хурлыг нийт санал өгөх эрхтэй гишүүдийн 75-аас дээш хувийн эсвэл Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхийлөгчийн бичгээр гаргасан саналыг үндэслэн хугацаанаас нь өмнө зарлан хуралдуулж болно. Ээлжит бус хурал нь ээлжит хуралтай ижил горимоор болно.
МҮОХ-ны дүрмийн 14.2-р заалт: МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг 3 сараас доошгүй хугацааны өмнө МҮОХ-ны гишүүдийн хурлаас зарлана.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.