Шатахууны үнээ буулгаагүй аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцно

2018-12-11 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын зүгээс импортлогч компаниудтай тохиролцсоноор шатахууны үнийг энэ сарын 7-ны өдрөөс литрийг нь 100 төгрөгөөр буулгасан. Энэ дагуу мэргэжлийн хяналт, ШӨХТГ, АМГТГ-аас нийслэл хотод 92 ШТС-д шалгалт хийхэд “Жаст Ойл” ХХК-иас бусад импортлогч компаниудын ШТС үнээ буулгасан байсан гэнэ.

Гэхдээ зарим компанийн ШТС-ууд үнийн дүнгээ самбар дээрээ солиогүйгээс хэрэглэгч иргэдийг төөрөгдүүлж байгааг ШӨХТГ, АМГТ-ны газраас мэдээллээ. Мөн компаниуд үнээ яг 7-ны өдрөөс бус өнгөрсөн амралтын өдрүүдэд буулгаагүй, энэ тал дээр хойрго хандаж байгааг шалгалт хийсэн албаны хүмүүс хэлж байв. Өнөөдрийн байдлаар Аи-92 автобензин литр нь 1820 төгрөг, А-80 бензин 1845 төгрөг, дизелийн түлш 2370 төгрөгөөр борлуулж байна.

“НИК” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, “Импортлогч компаниуд ОХУ-аас шатахуунаа хүлээн авахад механик техникийн асуудал байдаг учир энд 10-20 хоног шаарддаг. Мөн шатахуунаа дэлхийн хэмжээнд хямдарсан үнээр сарын дараа оруулж ирдэг. Дээр нь валютын ханшийн өсөлтийг тооцоолох учиртай” гэсэн тайлбар өгч байв.

Өнөөдрийн байдлаар “Жаст Ойл”-оос бусад компанийн ШТС-ууд үнээ буулгаад байна

АМГТ-ны газрын дарга Ц.Эрдэнэбаяр, “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны энэ 12-р сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, Аи-92 автобензин нэг тонн нь 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болоод байгааг мэдээллээ.

Тодруулга: ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчлөөс шалтгаалан энэ оны эхнээс дэлхийн зах зээл дээр өсч байсан газрын тосны үнэ 10-р сарын дунд үеэс огцом буурч 11-р сарын 30-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн тутамд 451.78 ам.доллар (нэг баррел нь 59.46 ам.доллар), “WITI” төрлийнх 397.41 ам.доллар (нэг баррел нь 50.93 ам.доллар) болсныг өнгөрсөн 7 хоногийн дүнтэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.26 хувиар, “WITI” төрлийн түүхий тосны үнэ 0.57 хувиар тус тус буурсан байна. Өнөөдрийн байдлаар “Brent” маркийн тосны үнэ нэг баррель нь 59.65 ам.доллар байна.

Сүүлийн 10 долоо хоногийн турш АНУ-ын түүхий газрын тосны нөөц тасралтгүй нэмэгдэж байгаа талаар “Tradition Energy” компанийн маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Джин Макгиллиан өнгөрсөн 7 хоногт CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа, “Газрын тосны үнэ буурсар байгаа гол шалтгаан нь дэлхийд нийлүүлэлт ихсэж, эрэлтийн хэмжээ буурсан”-аар тайлбарлаад байна.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.