Зүүн бүсэд стандартад нийцсэн шинэ авто буудал үүдээ нээлээ

2018-12-10 Мэдээ, мэдээлэл

Хэнтий аймагт MNS 6300:2011 стандартын дагуу 3-р зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах “Авто буудал” ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтэнд Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд, Хэнтий Аймгийн Засаг дарга, удирдлагууд болон тус төвөөр үйлчлүүлэгч иргэд, зорчигчид оролцсон юм.

Хэнтий авто буудлын барилгын ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн барьж эхлүүлсэн бөгөөд тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн хяналтын үзлэг, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг тав тухтай орчинд цогцоор нь ийнхүү хүргэж эхэллээ.
Нийтдээ 2,6 тэр бум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 1200 м.кв талбайтай томоохон байгууламж юм. Зүүн бүсийн гэх тодотголтой энэхүү Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьсан бөгөөд нэг давхартаа нийтийн хоолны заал, “Хэнтийд үйлдвэрлэв” бренд бүтээгдэхүүн сурталчилгааны хэсэг, 2-р давхартаа захиргаа, аж ахуй бүхий цогц байгууламж болсноороо Монгол улсдаа жишиг болохуйц бүтээн байгуулалт хэмээн албаныхан онцолж байна. Тус автотээврийн төвөөр энгийн өдрүүдэд 400-аад зорчигч үйлчлүүлдэг бөгөөд баяр ёслолын буюу ачаалал ихтэй өдрүүдэд зорчигдын тоо хоёр дахин нэмэгддэг аж.
Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.


Автотээврийн үндэсний төвөөс 2018 онд 21 аймгийн орон нутгийн автотээврийн төвүүдийг барьж байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд зорчигчдын ая тухыг хангахуйц бүтээн байгуулалтууд төлөвлөсний нэг нь ийнхүү зүүн бүсэд сүндэрлэлээ. Цаашид Автотээврийн үндэсний төвөөс 2019 онд орон нутгийн автотээврийн төвүүдээ стандартын дагуу барьж байгуулж, ард иргэддээ тав тухтай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.