УИХ-ын дарга М.Энхболд шаардлага тавьсан дөрвөн гишүүнтэй уулзаж ярилцсан билээ. Уулзалтын талаарх мэдээллийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-УИХ-ын дарга Танд бид нар 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр ээлжит бус чуулган зарлах шаардлагыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу тавьсан. Та хуралдуулаагүй. Монгол Улсын Үндсэн хуульд ээлжит бус чуулганыг зарлахгүй гэх ямар ч зохицуулалт байхгүй. Тийм учраас таныг Үндсэн хууль зөрчсөн гэж бид үзэж байгаа.
Хоёрдугаарт, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу төрийн албыг үнэлэн арилжих сэдэл бүхий 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан “халуун сандал” гэж олон улсад нэрлэгддэг сонсголыг зохион байгуулья гэж 19 гишүүн гарын үсэг зурж Танд хандсан. Гэвч Та прокурорын байгууллагаас хийх боломжгүй гэж хэлсэн гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг илтэд зөрчсөн үйл явдал болсон гэж үзэж байгаа.
Түүнчлэн Засгийн газрыг огцруулах асуудалд өөрөө гарын үсэг зураад, өөрөө өөртөө өргөн барьсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзсэн учраас Танд шаардлага тавьсан. Таныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас бид Үндсэн хуулийн 4.10 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал Их Хурал дээр үүссэн тохиолдолд УИХ-ын гишүүд чуулганд орохгүй байх эрхтэй гэдэг заалтын дагуу энэ шаардлагыг тавьсан.
Таныг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн эцсийн дүгнэлт их суудлын хуралдаанаар гарах ёстой. Үүнийг гартал Та УИХ-ыг удирдах боломжгүй гэж бид үзэж байгаа. Хэрэв УИХ-ыг удирдвал бид өнөөдрийнхтэй адил бойкотыг үргэлжлүүлэн хийх болно. Их Хурал тарах хүртэл хэмжээнд хүрч байгаа энэ нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж Таныг Үндсэн хуулийн дагуу өөрөө огцрох өргөдлөө өгөхийг нэг дэх өдөр хүртэл хүлээе. Хэрэв өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-50.7 хувийн ирцтэйгээр чуулганы хуралдаан хуралдаж байгаа ч түүний цаана 30 гаруй гишүүн хуралдаандаа оролцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасны дагуу иргэд, сонгогчид маань УИХ дахь төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх барих, төрийн эрхийн шийдвэрт оролцох боломжгүй болоод байна.
Нийт иргэд сонгогчдын 70-80 хувь нь УИХ-ын даргыг саналаараа, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэсэн шаардлагыг биднээр дамжуулж тавьж байгаа шүү. Та иргэдийгээ төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэж арай хэлэхгүй байх. Энэ хүмүүс Үндсэн хуульд заасны дагуу биднээр дамжуулж энэ шаардлага, хүсэл эрмэлзэл, эсэргүүцлээ уламжилж байгаа юм. Тийм учраас бид Үндсэн хуульд заасан аргаар, парламентын ардчиллын замаар, тайван замаар иргэд, сонгогчдынхоо хүсэлтийг танд уламжилж байна.
Гуч гаруй гишүүнээ чуулганы хуралдаанд оролцуулах, нийт иргэдийн төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх боломжийг нь хангах, Үндсэн хуульд үүссэн тодорхой зөрчлийг арилгахын тулд УИХ-ыг даргалж байгаа, Монголын төрд шат шатны өндөр алба хашиж байсан туршлагатай хүний хувьд нийт сонгогчид, тэдгээрийг төлөөлж байгаа гишүүд бидний хүсэлтийг хүлээж аваасай гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Нийтийн сонсголын тухай хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан. Хамгийн анхны нийтийн сонсголыг миний бие ТЕГ-ын дарга байсан Хурц гэдэг хүний асуудлаар УИХ дээр хийсэн. УИХ-ын гишүүдэд 10 гаруй өргөдөл ирсний дотор тэр хүний дээрэм тонуулын хэрэг, хууль бус үйл ажиллагаа, хүн хулгайлсан гээд олон асуудал байсан. Ингээд нийтийн сонсгол зохион байгуулъя гэдэг асуудлыг 22 гишүүн санаачилж Танд өгсөн боловч Та гацаасаар байгаад нийтийн сонсгол хийхгүйгээр УИХ-аар оруулаад явуулсан. Энэ бол 20 гаруй гишүүдийг, тэр 20 гишүүдийн цаана байгаа олон мянган сонгогчдыг доромжилсон, тэдний эрхэнд халдсан хэрэг гэж би үздэг.
Сая Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Та хуралдааныг нээчихээд, Ёс зүйн дэд хороог хуралдуулна гэж хэлээд алга болсон. Олдохгүй зугтаад, сүүлдээ ганцаараа чуулганыг хаагаад явах шиг болно лээ.
Ер нь Монгол Улсын парламентын үйл ажиллагаанд тааллаараа оролцдог нэг л албан тушаалтан байдаг, тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Гэтэл сүүлийн үед Та УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан, бусад үйл ажиллагааг тааллаараа зохион байгуулаад байна аа.
Ийм байдлаар Монгол төрийн болон УИХ-ын үйл ажиллагаа явах боломжгүй. Ийм учраас хуульд заасан үндэслэлийн дагуу хүсэлтээрээ чөлөөлөгдөөд явж өгөөч ээ гэж бид хүсэж байна. Та их тэвчээртэй, хүлээцтэй хүн гэдгийг бид мэднэ. Гэхдээ явахгүй ээ гэж гүрийгээд байх юм бол Таныг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гаруй гишүүн ард нийттэй хамтарсан тэмцлээ үргэлжлүүлнэ, өөр арга байхгүй ээ. Та ухаалаг хүлээж авч, Монгол Улсыг, Монгол төрийг гацаанаас гаргахад туслаач ээ гэж хичээнгүйлэн хүсч байна.
УИХ-ын дарга М.Энхболд
-УИХ-ын 32 гишүүн УИХ-ын даргыг огцор гэдэг шаардлага тавиагүй. УИХ-ын даргыг Засгийн газар огцруулах бичгэнд гарын зурсан, түүнийгээ өргөн барихад нь өөрөө хүлээж авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна, тиймээс энэ асуудлыг хэлэлцэхэд удирдах ёсгүй ээ гэсэн шаардлага тавьсан. Олон нийтэд үүнийгээ УИХ-ын даргыг огцор гэдэг шаардлага тавьсан гэж буруу зөрүү ойлголт төрүүлэх оролдлого хийснийг би буруутгаж байна.
Ер нь аливаа асуудал хуулийн дагуу л явагдах ёстой гэсэн байр суурийг би баримталж ирсэн, цаашдаа ч баримтална. УИХ-ын хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх өдөр Ёс зүйн дэд хорооны дарга ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гэж яригдаж байгаа Засгийн газрын гишүүдэд Дэгийн тухай хуулийн 9-р зүйлд заагдсаны дагуу та санал өгөх, эсэх талаараа мэдэгдэх үүрэгтэй гэдгийг сануулах хурлыг зохион байгуулъя гэж санал гаргасан. Тиймээс Дэд хороог хуралдуулах боломжийг бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзээд би Их Хурлын чуулганы хуралдааныг түр хойшлуулъя гэж мэдэгдээд гарсан. Зугтааж явсан зүйл байхгүй, энэ талаар олон түмэнд буруу зөрүү ойлголт өгснөө та бүхнийг залруулаасай гэж хүсэж байна. Би тэр өдөр 10 цаг 40 минутаас 18 цаг 30 минут хүртэл Ёс зүйн дэд хороо хуралдах танхимд орж, картаа хийчихээд ирц бүрдэхийг хүлээж, орж гарч байсан. Орой 18 цаг өнгөртөл хүлээгээд Д.Тогтохсүрэн, Х.Баделхан, Д.Сарангэрэл нарын гишүүд орж ирээгүйн улмаас ирц нь бүрдэлгүй байсаар ажлын цаг дууссан тул чуулганаа хаахаар Их танхимд 18 цаг 50 минутын үед орж ирэхэд 7-8 гишүүн байсан.
Ингээд Ёс зүйн дэд хорооны ирц бүрдээгүй, хуралдаж чадаагүй учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа гэдгийг хэлсэн. Ганцаараа орж ирээд чуулганыг хаасан гэдэг худлаа мэдээллийг олон нийтэд тарааснаа бас залруулаасай гэж бодож байна.
Элчин сайд томилох асуудлын талаар сая Ж.Батзандан гишүүн ярилаа. УИХ өөрөө томилдог албан тушаалтны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх хуулийн заалттай. Элчин сайдыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг, эцэслэн томилдоггүй. Томилох эрх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал учраас нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Энэ хурлыг мөн намайг зохион байгуулж хаалттай хийсэн мэтээр буруу ташаа мэдээлэл өгсөн. Үүнийг бас залруулаасай гэж хүсэж байна.
Тэр асуудлыг хэлэлцэх үеэр Байнгын хороон дээр Өмнөд Солонгост суух Элчин сайдын асуудлыг ярихад хүссэн хүсээгүй Хойд Солонгосын асуудал яригдаж байгаа учраас хаалттай хэлэлцье, томилогдох гэж байгаа хүнээс асууж тодруулах зүйл байна гэж Н.Энхболд, О.Баасанхүү нарын гишүүд горимын санал гаргасан. Үүний дагуу горимын саналыг хураахад гишүүдийн олонхи нь хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн. Би ямар нэг байдлаар шууд өөрөө санаачилж, хаалттай хэлэлцсэн, олон түмнээс нууж хаасан зүйл байхгүй.
Мөн сүүлийн үед тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээллийн хэрэгслээр миний эрүүл мэндийн байдалтай холбогдуулж ор үндэсгүй зүйлийг ярьж байгаа. Надад эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг хэлье.
Жаран тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гээд, би хийлгэхгүй гээд байгаа зүйл байхгүй. Нээлттэй хэлэлцүүлэг хийе гэж 19 гишүүн гарын үсгээ зураад, бичиг ирүүлснийг Хууль зүйн байнгын хороонд өгсөн. Хууль зүйн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийж болох уу, үгүй юү гэдгийг холбогдох хуулийн байгууллагуудаас нь асуусан. Шалгагдаж байгаа хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж байхгүй гэсэн хариу ирсэн байсан. Өнөөдөр ч бас энэ талаар УИХ-ын чуулган дээр хэд хэдэн гишүүн горимын санал гаргахдаа ярьж байна. Хэрвээ хуульд нийцэж байгаа бол энэ асуудлаар УИХ-ын гишүүд санаачлаад хэлэлцүүлгээ хийж болно. Ер нь нээлттэй яриад хэн, хаана, хэнээс ямар мөнгө аваад, ямар төрийн албан тушаалыг зарсан үрсэн бэ гэдгийг олон түмэнд ил тод харуулж, нэг тийш нь болгоод авах нь буруу биш гэж би бодож байна.
Ээлжит бус чуулган хуралдуулах талаар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бичиг ирсэн. Ийм асуудлыг тавихад УИХ-ын гишүүдийн 1/3-ээс доошгүй нь гарын үсэг зурах хуулийн шаардлагатай. 26 буюу түүнээс дээш тооны гишүүн гарын үсэг зурах ёстой гэсэн үг. Оюун-Эрдэнэ гишүүний надад өгсөн бичгийг би УИХ-ын Тамгын газрын даргад цохсон. УИХ-ын 22 гишүүн гарын үсэг зурсан байсан. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгээд, өнгөрсөн 7 хоногт уг асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж шийдсэн байна лээ.
Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандан “УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Аливаа асуудлаар шийдвэр эцэслэн гарсны дараа шийдлээ гэж үздэг. Тиймээс Үндсэн хуулийн цэц хэрхэн шийдэх нь вэ, түүний дараа би энэ асуудлыг хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Татгалзах зүйлгүй. Би хоёр жил гаруй хугацаанд УИХ-ын даргын албыг хашихдаа Үндсэн хуулийг ямар нэг хэлбэрээр зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна.
Үндсэн хуулийн цэцийг, хууль хяналтын байгууллагуудыг намайг удирдан залж байна, чиглүүлж байна гэдэг ор үндэсгүй зүйлийг Та бүхэн цаашид бүү яриасай гэж хүсэх байна. Намайг хувь хүний хувьд, улс төрийн хувьд гүтгэх, доромжлох зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн дагуу ажлаа хийж буй байгууллагуудыг, ялангуяа Үндсэн хуулийн цэц, хууль хяналтын байгууллагуудыг ингэж доромжлох байдлаар, хийж буй ажил үүргийг нь үгүйсгэх байдлаар хандаж болохгүй.
Та бүхэн бол ард түмний итгэлийг хүлээсэн, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ухамсартай, ёс зүйтэй хүмүүс учраас асуудлыг үнэн бодитой байдлаар олон түмэнд мэдээлж байгаасай гэдгийг хүсэх байна. УИХ-ын даргыг огцруулах талаар өөрөө өргөдлөө өгөх, эрүүл мэндийн шалтгаан, өөр ажилд шилжин ажиллах, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон талаарх хууль, шүүхийн байгууллагын тогтоол шийдвэр гарсан, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулж болно гэсэн хуультай. Би хуульд заасны дагуу асуудал үүсвэл огцрох өргөдлөө өгөхөд татгалзах зүйл байхгүй. Асуудал хуулийн дагуу явах ёстой гэж бодож байна.
Намайг УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдааныг тааллаараа удирдаж, зохион байгуулж байна гэдэг яриаг хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ярилцаад шийддэг. Түүнээс биш УИХ-ын даргын зүгээс чуулган болон Байнгын хорооны хуралдааныг тэдийд хий гэж зааж зааварладаг зүйл огт байхгүй.
Та бүхэн хуулийн дагуу ямар үндэслэл шаардлага үүсч байгааг дурдаад, албан бичгээ өгөх ёстой. УИХ-ын чуулганы хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, Байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байх, бусад гишүүдийг хуралдаанд оруулахгүй байх байдлаар асуудалд битгий хандаач ээ. УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааныг хэвийн үргэлжлүүлэх, төрийн ажил тасралтгүй явах зарчмыг алдагдуулахгүй байх үүргийг 76 гишүүн бид бүгдээрээ хүлээсэн. Иймд энэ үүргээ биелүүлж, төрийн ажлыг хэвийн тасралтгүй явуулахад анхаарахыг хүсье.
Гишүүдийг гарч явсны дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг нар тайлбар өглөө.
Ц.Цолмон: -УИХ-ын үйл ажиллагаа УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой. Хуралдаан одоо хэвийн үргэлжилж байх шиг байна. 76 гишүүн маань Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд, сонгогчдоо төлөөлж ажиллаж байгаа хүмүүс. Тийм учраас цаашид УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрийнх шиг тасалдах байдал гарахгүй, хэвийн үргэлжилнэ гэдэгт итгэж байна.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн албан бичгийн асуудлыг дахиад хөндөж тавилаа. Үүний эцсийн хариултыг би өгөх ёстой гэж бодож байна. Би бол улстөрч биш, хуульч хүн. Тиймээс асуудлыг ямар нэг байдлаар улс төрийн талаас нь яриад байгаа юм биш. Улс төрийн ч асуудал биш. Албан бичиг хэргийн л асуудал. Ямар ч байгууллагад албан бичгийн харилцааг зохицуулдаг дүрэм журам, албан бичиг хариуцсан ажилтан байдаг.
Манайд жишээ нь, УИХ-ын гишүүн хандаж байгаа бол албан бичгийг гурван хувь хийдэг. Нэг нь УИХ-ын даргад ирдэг, нөгөө нь албан бичиг хариуцсан ажилтанд хадгалагдаж, гурав дахь нь гишүүнд өөрт нь үлддэг. Л.Оюун-Эрдэнэ гишүүн тэр бичгээ өөрөө УИХ-ын даргад өгсөн. Гишүүнийг гарангуут УИХ-ын дарга картлаад, надад цохсон. Би өрөөнөөсөө гараад УИХ-ын даргын өрөөнд ороход нэг минут л болсон байх. Тэр бичгийг аваад хэдэн гишүүн гарын үсэг зурсныг тоолж үзсэн. 22 гишүүн байсан.
Би Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй маргааш нь уулзаад тэр бичиг дээр 22 гишүүн гарын үсэг зурсан байна шүү гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүн УИХ-ын даргатай харилцсан албан бичгийг өөрчлөх боломж байхгүй. Хэрэв албан бичиг өөрчилбөл гэмт хэрэг болно. Бидний үйл ажиллагаанд эргэлзэж байгаа бол Та хууль хяналтын байгууллагад ханд. Хуулийн байгууллага үнэн худлыг маш хурдан тогтоодог юм гэж би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд бас хэлсэн.
Тэр бичиг эх хувиараа Тамгын газарт хадгалагдаж байгаа. Шаардлагатай гэж үзвэл сэтгүүлч та бүхэнд үзүүлэхэд бэлэн байна.
Энэ асуудлаар Оросоо, Ариунболд гэдэг иргэд, УИХ-ын гишүүн Л.Болд нар УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна билээ. Үндсэн хуулийн цэц УИХ-ын Тамгын газраас маш олон бичиг, тайлбар гаргуулж авсан. Тэгээд маргаан үүсгэх асуудал биш байна гээд татгалзсан шийдвэр гаргасан.
Б.Гүнбилэг: -Сая дөрвөн гишүүн УИХ-ын даргатай уулзаад, тайлбараа сонсохгүй гараад явчихлаа.
УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2.2-т өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авна гэж байгаа. “Өөрөө гаргана” гэдэг нь ямар нэгэн дарамт шахалтаар юм уу, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэнэ гэх маягаар биш, сайн дураараа, өөрөө өгөх гэсэн ойлголт юм. Шахалтад орж өгнө гэсэн ойлголт биш гэдгийг дахин хэлье.
Ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3-т УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээших нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно гэж заасан. Заавал чуулна гэж биш, “чуулж болно” гэсэн байгааг анхааруулж хэлье.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд Нийтийн сонсгол хийх боломжгүй гэсэн зарчимтай. Шүүхийн эрх мэдлийн энэ асуудлыг Үндсэн хуульд заасан. Улсын Ерөнхий прокуророос ирсэн бичигт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа асуудлаар Нийтийн сонсгол хийх боломжгүй гэсэн байгаа.
Сая УИХ-ын дарга энэ асуудлыг хэлэлцэхэд намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл УИХ-ын дэд дарга нарт асуудлаа тавьж болно. Миний хувьд Нийтийн сонсгол хийхэд татгалзахад зүйлгүй гэж хэлсэн.
Ер нь Монгол Улсын Үндсэн хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй. Яг бичигдсэнээр нь тайлбарлахгүй бол Үндсэн хуулийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн гуравдугаар зүйлийн 2-ыг ноцтой зөрчих асуудал үүсэх тул ард иргэд сэтгэлийн хөөрлөөр, популист зүйлд автаж болохгүй гэж хэлмээр байна.
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.