Авлигатай тэмцэх газраас өнөөдөр “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам сэдэвт хэлэлцүүлэг”-ийг “Блю скай” зочид буудалд зохион байгуулж байна. Хуралд боловсролын салбарын удирдлагууд оролцож байгаа юм. Энэ үеэр боловсролын салбар дахь ёс зүй, авлигын нөхцөл байдлын судалгааг танилцуулсан юм. Судалгаагаар цэцэрлэг, сургуулийн хүүхэдтэй таван хүн тутмын дөрөв нь ажил хэргээ бүтээхийн тулд боловсролын салбарынханд ямар нэг хэлбэрээр төлбөр, хураамж төлдөг. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын засварт хураамж авч, удирдлагууд нь дундаас нь мөнгө завшиж байгаа нь авлигын хамгийн том хэлбэр төдийгүй тулгамдсан асуудал гэж мэргэжилтнүүд дүгнэв. Судалгаанд оролцсон хүүхдүүд сургуулийн анги танхимын засвар үйлчилгээнд хураамж авдаг боловч хийсэн ажил нь чанаргүй байдаг гэх хариулт өгчээ. Мөн багш сурагчаа ялгаварлан гадуурхаж нэгнээс нь давуу байдал олгодог гэдгийг онцолсон байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: Хоёр дүүрэгт лаборатори сургууль барина
Ирэх хичээлийн шинэ жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамран суралцах тойргийн асуудлыг цэгцэлнэ. Өөрөөр хэлбэл, асуудлыг хүчээр шийдсэнээр сургалтын чанарыг дээшлүүлэх гол зорилготой юм. Аль болох олон улсын хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гурван лаборатори сургууль шинээр байгуулахаар төлөвлөж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь гарсан байна” гэв.
Э.Цолмон: Сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөх тохиолдол их байна
(“Хүүхдийг ивээх сан”-гийн хөтөлбөрийн зохицуулагч)
2016-2017 оны судалгаанд оролцсон хүүхдүүдийн дунд боловсролын орчинд хамгийн их зовоодог зүйл нь ялгаварлан гадуурхалт, дарамт гэдгийг онцолсон. Судалгааны үр дүнд хүүхдүүдийн 69.5 хувь нь сургуулийн орчинд дарамт хүчирхийлэлд өртсөн. Үүний 15 хувь нь багш, 5.6 хувь нь нийгмийн ажилтан ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдсэн гэж хариулсан. Багш нар зарим хүүхдэд давуу байдлыг олгодог юм байна. Ингэхдээ эцэг эх, амьдралын нөхцөл байдал, эдийн засаг, багшид ямар нэг хэмжээгээр ашигтай байх талыг хардаг. Нэг хүүхдэд давуу байдлыг олгож эхлэхэд бусад хүүхдийн суралцах идэвхи, өөртөө итгэх итгэл буурдаг. Энэ нь сурах эрхийг хангахад зөрчил гаргаж байна” гэсэн юм.
Хүүхдүүдийн зүгээс багш нар хичээлийн цагт заах ёстой хичээлээ заагаагүй атал дараа нь төлбөртэй давтлага өгдөг, хөдөлмөрийн хичээл дээр бариувч хийж ирэх даалгавар өгснийг нь биелүүлээд ирэх үед төгс зүйл шаарддаг. Ингэхээр оёдолчинд мөнгө төлөөд бариувч хийлгэсэн нь дээр, бие даалт өгдөг ч хэрхэн хийх аргыг заагаагүйн улмаас оюутнуудад мөнгө төлж хийлгэдэг. Улсын шалгалтын үеэр багш нарын хоолны мөнгө гэж нэг хүүхдээс 5000 төгрөгийн хураамж авдаг. Нэг ангид 30 хүүхэд суралцдаг гэж тооцоход биднээс шалгалт авсныхаа төлөө 150.000 мянган төгрөгөөр хооллож байгаа нь шударга зүйл үү. Бидэнд шударга байхыг заадаг ч бодит байдал дээр шударга бус үйлдэл гаргаж байна гэх зэрэг сэтгэл сэрдхийлгэм гомдол судалгааны дүнгээр гарсан.
Т.Баярхүү: Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийн 13.9 хувийг эзэлж байна
(АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга)
“Боловсролын салбар дахь авлига нь маш олон төрлөөр илэрч гарч байна. Гэтэл энэ салбар авлигад идэгдсэнээрээ ирээдүйд авлигаар ажил үйлсээ бүтээнэ гэсэн ойлголт бүхий иргэдийг бий болгох хор уршигтай. Түүнээс биш өнөөдөр шууд учруулж байгаа материаллаг эд хохирлоос илүү Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, цаад үзэл санаанд хохирол учруулах хэмжээнд яригдаж байна. Тиймээс бид энэ асуудлыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд боловсролын салбарын авлигатай тэмцэх гарц шийдэл урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр ажлыг зохион байгуулж байна. Хүүхдийг багаас нь ёс суртахуунтай зөв төлөвшүүлэх чиглэлээ ажиллах шаардлагатай байна. Авлигатай тэмцэх газарт боловсролын салбартай холбоотой хандив тусламж, багш нар нэгээсээ мөнгө авдаг, сургууль цэцэрлэгийн өмч хөрөнгийг хувийн зорилгоорр ашигладаг, хууль бус төлбөр хураамж авдаг гэх мэт гомдол мэдээлэл ирдэг. Өнгөрсөн онд авлигын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийн 13.9 хувийг эзэлж байна.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.