Их 7-гийн Гадаад хэргийн сайд нар Сирийн асуудлаар хуралдаад ОХУ, Сирид хориг тавих нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Гэхдээ тус улсын Ерөнхийлөгч Башар Ассад төрийн эрхэнд хэвээр байгаа нөхцөлд Сирийн хямралыг шийдэж чадахгүй гэдэгт санал нэгджээ. Тиймээс Ассадын дэглэмийг дэмжихээ зогсоо гэж Оросыг ятгахаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр Москва руу нисчээ.
Гэвч Ассадын ард найдвартай зогссоор ирсэн, түүнийг Сирийн хууль ёсны удирдагч гэж үздэг ОХУ Их 7-гийн энэ байр суурийг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй. Өнгөрсөн долоо хоногт АНУ Сири руу пуужин харвасны дараа ОХУ үүнийг олон улсын хууль дүрэм зөрчсөн, тусгаар улсын эрхэнд халдсан явдал гэж мэдэгдсэн.
Харин АНУ-ын зүгээс гэнэтийн довтолгооноо АНУ-ын үндэсний ашиг сонирхол гэж тайлбарласан. Хэрэв Сирийн арми химийн зэвсэг ашигласаар байвал, түүнийг нь Исламын улс мэтийн алан хядагч байгууллагууд өөрийн гарт оруулвал АНУ болон холбоотон орнууд руу халдах эрсдэлтэй гэдэг үндэслэлээр АНУ өөрийн үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалж байна хэмээн мэдэгдэж байгаа юм.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.