АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэн үгэнд АТГ тайлбар хийж байна. Улс төрийн үйл явдалтай хутгалдаж байгаа АТГ-ынхан өөрсдийгөө хэрхэн зөвтгөх бол?
АТГ сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэдэг. Энэ сарын мэдээллийг авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан ирэх арванхоёрдугаар сарын 7-нд хийхээр төлөвлөсөн байсан боловч үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийхээр өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлан хийж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “…хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг дуудаж уулзаад “Чамайг Засгийн газрыг хамгаалж үлдвэл хэрэгт холбогдуулна” гэж байна” гэсэн утгатай мэдээлэл хийсэн.
УИХ-ын гишүүн худал цуурхал тараасан гэсэн үг үү?
АТГ-аас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар зээл авсан эсэх асуудлыг шалгаж байгааг сэтгүүлчид мэдэж байгаа. Энэ ажил хуулийн хүрээнд явж байгаа. Гол нь улстөрчид улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагыг татан оролцуулж улстөржүүлсэн, гүтгэлгийн шинжтэй худал ташаа мэдээлэл тарааж байна. Бид энэ бусармаг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Хууль хяналтын байгууллага зохих хууль тогтоомжид заасны дагуу ажиллаж байгаа. АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар чиглэл заавар зөвлөгөө өгч оролцдоггүй. Цаашид улс төрийн мэдэгдэл, явуулж буй үйл ажиллагаандаа АТГ-ыг татан оролцуулах, худал ташаа, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд өгөхгүй байхыг шаардаж байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудлаар УИХ-ын хэчнээн гишүүнийг шалгаж байгаа вэ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг шалгаж байгаа юу?
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнөөдөр энд яригдаж байгаа үйл явдалтай холбогдуулан эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа. Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу АТГ-т ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа тус бүрт прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг яллагдагчаар татаж энэ сарын 5-ны өдөр мэдүүлэг авсан. Улстөрчдийн ямар нэгэн нөлөө нөлөөллөөр бусдыг баривчилсан, цагдан хорьсон явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Б.Батзоригоос өөр хэн хэнийг шалгаж байгаа вэ?
УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын нэр бүхий гишүүд, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан эсэх асуудлыг нягтлан шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны талаар, үйлдэл тус бүрийн талаар, эзэн холбогдогчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангах үүрэгтэй. Прокурорын байгууллагын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар хэмжээнд мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн байна, тэр хэмжээнд зөвшөөрлийн үндсэн дээр бид мэдээлэл өгнө. Өчигдөр Нийслэлийн прокурор Д.Баярмагнай энэ талаар хэвлэлд мэдээлэл өгснийг та бүхэн мэдэж байгаа байх.
Гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани зээл авсан гэсэн асуудал яригдсан. Энэ талаар шалгаж байгаа юу?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудлаар шалгагдаж байгаа. Цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн эрх нөлөөгөөр зээл авсан, зохих журмыг зөрчсөн хууль бус үйлдлийг илрүүлэн шалгана. Ар гэр, гэр бүлийн хүмүүсийг нь хоморголон баривчилсан, байцаасан, цагдан хорьсон, албадлагын арга хэмжээ аваагүй гэдгийг албан ёсоор хэлье.
-ЖДҮ-гийн асуудлаар 6 хүнийг баривчлан шалгаж байгаа гэж үнэн үү?
Нэр бүхий 6 хүнийг цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн. Энд улс төрийн албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байхгүй. Тухайн үед ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох эрх мэдлийг хэрэгжүүлж байсан яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа.
2018 оны аравдугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн цагаас эхэлж мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Засгийн газрыг огцруулах цаг үетэй давхцаж байгаа учраас АТГ-ыг улс төрийн нөлөөнд автаж байна гэсэн хардлага байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
Ямар нэгэн улс төрийн нам, хүчин, хүн, албан тушаалтны нөлөө, зааварчилгаа байхгүй гэдгийг дахин хэлье. Би түрүүн хэлсэн. Улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. УИХ-ын гишүүдийг олноор нь дуудаагүй, ар гэрийн хүмүүст нь албадлагын арга хэмжээ аваагүй. АТГ-ын үйл ажиллагааг улс төрийн үйл ажиллагаандаа битгий хутгаач ээ гэдгийг дахин хэлье.
Улс төрд нөлөө бүхий этгээд гэж та сая хэллээ. Эдгээр нь ямар хүмүүс юм бэ?
2015 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд энэ нэр томъёог оруулж өгсөн. Үүнээс өмнө улс төрд нөлөө бүхий этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл байгаагүй. Улс төр дэх нөлөөгөө ашиглаж гэмт хэрэг үйлдээд байгаа тохиолдлыг ойлгоно. Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд энэ тухай тайлбарласан байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ийм ийм этгээдүүдийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд гэнэ гээд маш олон албан тушаалтнуудыг зааж өгсөн.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.