Үндсэн хуулиар олгогдсон үүргээ биелүүлж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах гарцаагүй үндэслэл, шаардлага байгааг учирлан тайлбарлая хэмээн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын нэр бүхий 27 гишүүн МАН-ын гишүүд, дэмжигчдэдээ ил захидал илгээжээ. Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧДЭД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ
Сайн байцгаана уу?
Улсын Их Хурлын бидний 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаснаа намын гишүүд, дэмжигчид Та бүхэндээ тайлбарлах нь зүйд нийцнэ хэмээн үзэж, энэхүү ил захидлыг илгээж байна.
Сонгуулиас хойшхи хоёр гаруйхан жилийн хугацаанд нэг Засгийн газар сольж, дараагийн Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьж, хоорондоо талцан мэрэлцэж, төрийн ажлыг ч, намын үйл хэргийг ч хөсөрдүүлж суух Улсын Их Хурал дахь намын бүлгийн гишүүд та нар минь даанч яав даа хэмээн халаглан харамсаж, харууслын үгээ хэлж суугаа намын гишүүд, дэмжигчдээсээ түмэн хүлцэл өчиж, бидний 27 гишүүн төрд өргөсөн тангарагтаа захирагдаж, намын дүрмээ чандлан сахиж, Үндсэн хуулиар олгогдсон үүргээ биелүүлж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах гарцаагүй үндэслэл, шаардлага байгааг учирлан тайлбарлая.
Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал. Гэхдээ аливаа Засгийн газрын тогтвортой ажиллах үндэс суурь нь тухайн Засгийн газрын гишүүд төрийн хуулийг ягштал биелүүлж, ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, алдаа гаргавал хариуцлагаа хүлээдэг, тэдгээрт хариуцлага хүлээлгэдэг байх явдал юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум тэрбумаар тараасан нь нэгэнт тогтоогдлоо. Намын зарим удирдах албан тушаалтнууд ч нэр холбогдож байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ёс зүйн алдаа, магадгүй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болох Засгийн газрын гишүүддээ ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох тухай УИХ-ын гишүүд бидний шаардлагад Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо болтол хариу өгөөгүй байна.
Шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн суурь заалт, шударга ёсыг дээдэлж, хариуцлагаа ухамсарлах нь Монгол Ардын Намын үйл ажиллагааны нэн чухал зарчим мөн гэсэн намын Мөрийн хөтөлбөрийн заалтыг зөрчсөн энэ бусармаг үйлдлийг эсэргүүцэж, мөн энэ үйлдлийг таслан зогсоож, урьдчилан сэргийлж, хариуцлага тооцож чадаагүйд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг буруутгаж бид асуудлыг өргөн барьсан юм.
Намын эв нэгдэл чухал. Гэхдээ намын эв нэгдэл нь ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчимд суурилах ёстой. Үндсэн хууль, парламентын засаглалыг үгүйсгэж, Монголын ард түмний эв нэгдлийг бусниулах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хууль бус үйлдлийг хазаарлан зогсоох үүрэгтэй Ерөнхий сайд түүнтэй үгсэн нийлж, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсноо өөрөө Улсын Их Хурлын индэр дээрээс мэдэгдэж, ард иргэдээ жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулж Монгол төрийн тогтвортой байдал, нийгмийн дэг журмыг алдагдуулахад хүргэж болзошгүй хариуцлагагүй үйлдэл хийснийг нь бид буруушааж, огцруулах саналыг оруулсан юм.
Монголчууд бидэнд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаас илүү үнэт зүйлс үгүй. Үүнийг хамгаалж, аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх нь Ерөнхий сайдын нэн тэргүүний үүрэг мөн. Гэтэл гадаад гүрний тусгай албад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах хууль бус үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой аюул учрууллаа. Гадаад гүрний албаны хүмүүс энэ үйл ажиллагааг Монголын талтай зөвшилцөж явуулсан гэдгийг албан ёсоор удаа дараа мэдэгдсэн. Энэ хууль бус үйлдлийг зөвшөөрсөн, эсхүл урьдчилан сэргийлж, таслан зогсоож чадаагүй, холбогдох төрийн албан хаагчдад одоо болтол хуулийн дагуу хатуу арга хэмжээ аваагүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж бид үзэж байгаа юм. “Ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа нь манай намын уугуул өв, үнэт зүйл мөн” гэсэн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр заалт ч биднийг ийм алхам хийхийг шаардаж байгаа юм.
“Хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилалтай байх зарчмыг баримтлан” ажиллах тухай намын Дүрмийн 1.5 дахь заалтыг У.Хүрэлсүх умартаж, Ерөнхий сайдын болон намын даргын нэр сүрээр далайлгах, шүүмжлэлийг үл ойшоох, үг сөрсөн гишүүн бүрийг айлган сүрдүүлэх, аливаа асуудлыг тушаан захиргаадах аргаар шийдвэрлэх гэж оролдох нь хэрээс хэтэрч, намын ажлаас хальж төрийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах хэмжээнд хүрлээ гэж бид үзэж, түүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан юм.
Та бүхэн мэргэн оюундаа тунгааж болгооно уу. Зарчим, шударга үнэн ямагт ялан дийлэх хүчтэй билээ.
Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.
МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ ҮҮРД МАНДАН БАДРАГ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.