. Г.Билгүүн: 2019 онд архивын байгууллагад 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

2018-11-29 Мэдээ, мэдээлэл

Архивын Ерөнхий Газрын Лавлагаа үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна. Энэ хүрээнд 14:00 цаг хүртэл цахим мэдээллийн санд орсон 50 гаруй байгууллага болон 1933, 1944, 1956, 1989, 2000 оны хүн амын тооллогын лавлагааг үнэ төлбөргүй олгоно. Мөн цахимд ороогүй архивын баримтын лавлагааны захиалгыг хүлээн авч ажлын 2-5 хоногт багтаан үнэ төлбөргүй олгож байна. Түүнчлэн иргэд ихэвчлэн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар архивын лавлагаа авдаг тул өнөөдрийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс холбогдох ажилтан зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.

Тус байгууллага нь иргэдэд чирэгдэл багатай үйлчилдэг болоод багагүй хугацааг үдсэн. Тодруулбал, Лавлагаа үйлчилгээний төв нь архив болон мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос иргэдэд үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний танхим ажиллаж буй юм. Мөн иргэд мэдрэгчтэй дэлгэцээс Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хөмрөгч үүсгэгч байгууллагын жагсаалтыг үзэх боломжтой болж байна. Түүгээр зогсохгүй 1800-1205 буюу Архивын лавлах утасны оператор тус төвд байрлан ажиллахаар болжээ. Ингэснээр архивын лавлах утаснаас лавлагаа, үйлчилгээний төрөл, төрийн болон төрөлжсөн архивуудад хадгалагдаж буй баримтын жагсаалт зэрэг архивын холбогдолтой мэдээллийг шуурхай авах боломж бүрдэж байна.

Иргэд архивын лавлагааг биечлэн очиж авч болохоос гадна тус газрын www.archives.gov.mn вэб сайтаар орж онлайнаар захиалж авах боломж бүрджээ. Тухайлбал, ажилд томилж, чөлөөлсөн шийдвэр, цалингийн тодорхойлолт, хүн амын тооллогын баримтын лавлагаа зэргийг онлайнаар захиалах боломжтой. Лавлагаагаа захиалах, ингээд хариугаа 2-5 хоногийн дараа очиж авах гээд иргэд хоёр удаа явдаг байсан бол онлайнаар захиалсаар нэг удаа явах болж байна.
Архивын Ерөнхий Газраас иргэд, олон нийтэд үзүүлдэг гол үйлчилгээний нэг нь архивын лавлагаа бөгөөд жилд дунджаар 1,000 гаруй албан байгууллага, 2,300 гаруй иргэдийн хүсэлт, захиалгыг хүлээн авч архивын лавлагаа олгодог байна

“Лавлагаа үйлчилгээний төв”-ийн нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн оролцсон юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Архивын байгууллагын техник технологийг шинэчлэх төсөл ямар шатанд явж байна вэ. Энэ талаар тодруулна уу?

-БНСУ-ын Засгийн газар болон манай Засгийн газар хооронд хөнгөлөлтэй зээлийн хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд зээлийн хөрөнгөөр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Тэдгээрийн нэг нь Архивын байгууллагын техник технологийг шинэчлэх төсөл юм. Энэхүү төслийн нийт өртөг 19 сая ам.доллар. Төслийн ТЭЗҮ хийгдээд дууссан. Харин одоо ХЗДХ-ийн яам АЕГ дээр ТЭЗҮ-гээ хянаж байгаа. Солонгосын талтай 2019 оны эхний улиралд багтаан зээлийн тусгайлсан хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцоод байна.

-Энэ төсөл нэлээд удаан хугацаанд яригдсан байх аа?

-Ер нь архивын салбарт сүүлийн 20-иод жилд тун бага хөрөнгө оруулалт хийгдсэн. Хуучныхаа гольдирлоор нэлээд удаан хугацаанд ажилласан. Гэхдээ 2016 онд шинэ байр ашиглалтад оруулж, одоог хүртэл эндээ байрлаж байна. Харин 2017 онд архивын зориулалттай шүүгээг сольсноос өөрөөр шинэчлэл хийгдээгүй. Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөл бараг таван жил яриагдаад, одоо билэлээ олох гэж байна.

-Та бүхэн энэхүү төслөөс ямар үр дүн гарна гэж тооцож байна вэ?

-Төсөл хэрэгжсэнээр архивын байгууллага маань орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана. Дээрээс нь архивын байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг хөнгөн, шуурхай болгох, цахим хэлбэрт шилжүүлэхэд зориулсан хоёр программ хангамж хийгдэх юм.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.