Энхтайвны өргөн чөлөөний замыг маргааш 5 минут хаана

2018-11-28 Мэдээ, мэдээлэл

Маргааш буюу энэ сарын 29-ний өдрийг Тээврийн цагдаагийн албанаас Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” болгон зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, “Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Хичээх өдөр”-т идэвхитэй оролцож, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, нэг ч зөрчил гаргахгүй байх нь чухал юм байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Хичээх өдрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхий нийтээрээ зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэвний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар түүний хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сард “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг зохион байгуулдаг. Манай улс уг өдрийг 5 дахь жилдээ “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Мөн энэ өдрийн хүрээнд маргааш энхтайвны өргөн чөлөө дэх авто зам өөрөөр хэлбэл, Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж гал, эмнэлэгийн автомашинууд дуут дохиогоо ажиллуулна.

-Жолооч нар тухайн өдөр юун дээрээ анхаарах ёстой юм бэ?

Энэ өдрийн гол зорилго нь энгийн бүхнээс том зүйл эхлэлтэйн адил замын хөдөлгөөнд оролцогч хэн бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, эерэг, зөв үйлдлээрээ бусдыгаа үлгэрлэж чадвал зам тээврийн осол, түүний улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэгсдийн тоо буурах боломжтой гэдгийг харуулах зорилготой бүх нийтээрээ хичээх өдөр юм. Тиймээс жолооч нар маань дүрмээ л зөрчихгүй байхад болно.

-Замын тээврийн ослын улмаар өдөрт дунджаар хэчнээн хүн хохирч байна вэ?

-Манайд маш олон дуудлага мэдээлэл ирдэг. Өдөрт дунджаар 15-16 иргэн зам тээврийн ослын улмаас гэмтэж, 1-2 иргэн амь насаараа хохирч байна. Сүүлийн 5 жилийн судалгаагаар 2014-2018 оны 10 сар хүртэл улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 6800 гаруй иргэн гэмтэж бэртэн, 500 гаруй иргэн амь насаараа хохирсон судалгаа байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.