Баруун аймгуудын нутгаар энэ сарын 24-25 шилжих шөнө хүчтэй шуурганы улмаас үүссэн нөхцөл байдал, хохирлыг арилгахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байгалийн гамшигт үзэгдлээс үүссэн агаарын шугамд гарсан гэмтлийг засах, иргэдэд учирсан хохирлыг арилгах асуудлаар хэлэлцсэн. Цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн босгох, шуурганы улмаас гэр нь хийсч, дахин ашиглах боломжгүй болсон 168 айл өрхөд шинээр гэр олгоход шаардлагатай 1 тэрбум 400 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэв. Өнөөдрөөс гэр ачсан цуваа орон нутаг руу гарна.
Цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 тулгуур унаснаас 2 дахь баганыг өнөөдөр 10.50 цагт босгосон. Үлдсэн нэг баганыг өнөөдөртөө багтаан босгоно. Ингэснээр маргааш гэхэд тоггүй болсон баруун 4 аймаг хэвийн горимд шилжинэ.
Мөн хуралдаанаар цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын гэрээнд ашиглалтын баталгаат хугацааг уртасгах, 30-40 метр секунд хүчтэй салхинд нурахгүй барих боломжийг судлан шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгасан. Улсын хэмжээнд уг баганыг тээвэрлэх 3 хэрэгсэл байдаг. Тиймээс алсын аймгуудад багана тээвэрлэх ажил ихээхэн хүндрэлтэй байдаг ч өмнө нь болсон гамшигт үзэгдлийн үеийнхээс илүү шуурхай ажилалаа.Цахилгаан дамжуулах тулгууруудыг босгохоор Эрчим хүчний яамны 178 ажилтан 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байна ” гэлээ.
Хүчтэй шуурганы улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн 52 сум цахилгаангүй болж, 254 айлын гэр хийссэн бөгөөд ор сураггүй болсон 9 хүнийг эсэн мэнд аварсан тухай мэдээллийг өмнө ОБЕГ-аас өгөөд байсан юм.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, “Цаг уурын байгууллагаас ирэх сарын 1-нээс баруун аймгуудын нутгаар 2-нд ихэнх нутгаар цас орж, салхины хүч 18-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа мэдээ ирсэн. Энэ талаар энэ сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж иргэд, Хэвлэл мэдээллийнхэнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлнэ” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.