Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.11.23/ 10.00 цагт “Очир” төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал эхэлсэн билээ. Шүүх хурлаас Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих шийдвэр ногдуулсан байна.
Харин сэтгэл санааны хохирлын 100 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол шүүх хурлын явцад гарсан зардал болох 8 сая 400 мянган төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргажээ.
Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар оролцсон юм.
Мөн хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав болох Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцсон бол шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөгчөөр С. Оюунцэцэг нар шүүх хуралд оролцлоо.
Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.1-Хүнийг алах, 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээжээ.
Хэргийг сануулбал, өнгөрсөн оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин М-ийг хууран мэхэлж дагуулж ороод улмаар хүчээр архи уулгаж, хүчирхийлж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй мөрдөн байцаалтад удаа дараа буцаж байсан энэхүү хэрэгт шүүх шийдвэрээ гаргалаа.