Эрдэнэс таван толгой” ХХК нь энэ жилийн эхний 10 сарын байдлаар 6.9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Энэ нь 2018 онд олох ёстой нийт борлуулалтын орлогын 78 хувьтай тэнцэж байгаа юм байна. Энэ үзүүлэлтээрээ харвал 2018 оны ажил үйлсээрээ ирэх онд “ТОР-100” –г манлайлах хэмжээнд хүрсэн гэнэ. Компани засаглалын хувьд тогвортой байж зөв менежменттэй ажилласны хүчинд ийм амжилтад хүрч байгаа. Тус компани дотооддоо ийм сайн ажиллахын зэрэгцээ тэдний гадаад нэр хүнд дэлхийн зах зээлд өндөр өссөн байна. Өнөөдрийн байдлаар тус компани сайн чанарын коксжих нүүрсний нөөцийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүн байрт буюу Дэлхийн хамгийн их коксжих нүүрсний нөөцтэй орд болжээ. Үүнийг нь олон улсын байгууллагын шинжээчид ч баталсан байна. Энэ мэт давуу үзүүлэлт, олон нийтэд дуулдаж байгаа Сайн мэдээний нөлөөгөөр иргэд 1072 хувьцаагаа эргэн харж түүнийгээ хэрхэн “амь оруулах” талаар судалж эхэлжээ.
Ингээд уншигчиддаа энэ талаарх мэдээллийг хүргэж байна.
Та өмнө нь данс нээлгэж байсан бол дахиж данс нээлгэх шаардлагагүй. Ганцхан данстай байхад л хангалттай. Данс нээлгээгүй бол дансаа нээлгэх шаардлагатай. Гэхдээ заавал өнөө маргааштаа багтах, оноос өмнө амжиж нээлгэхгүй бол хожимдоно гэсэн ойлголт байхгүй. Данс нээлгэхэд хугацаа дуусна гэсэн асуудал байхгүй ажээ.
“Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын хүн бүхэн 1072 хувьцаатай” гэж мэдээлж байгаа нь буруу ойлголт юм. Учир нь Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн хувьцаа олгохгүй байхаар тогтсон байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос өмнө төрсөн өнөөдөр 100 насыг зооглож байгаа эрхэм ч 1072 хувьцааны эзэн юм байна. Дээрхээс хойш төрсөн иргэд энэ удаад “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигч биш ажээ.
Харин та бидний эзэмшиж байгаа хувьцаа өөр өөр байгаа. Учир нь “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдах юм байна. Ингэхдээ нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцжээ.
*** Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянга 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
*** Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200 мянга 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
*** Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100 мянга 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.
Солонгост хараар ажиллаж байгаа иргэн ч дансаа нээлгэх боломжтой
“Эрдэнэс-Тавантолгой” 1072 хувьцааг нийт 2 сая 897 мянга 277 иргэн эзэмшиж байгаа юм байна. Хэрэв 1072 хувьцаа эзэмшигч та гадаадад оршин сууж байгаа бол өөрийн хүчин төгөлдөр цахим үнэмлэхийг Монгол Улсад оршин суугаа хүнд дамжуулж, данс нээлгэх боломжтой аж. Эсвэл заавал цахим үнэмлэхээ явуулаад байхгүйгээр өөрийн итгэмжлэлийг Монгол Улсад оршин сууж байгаа хүнд явуулснаар данс нээлгэх боломжтой гэнэ.
Та брокер диллерийн компаниа сайн судлаарай
Хэрэв та аль нэг брокер дилерийн компанид дансгүй бол Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан эрх бүхий брокер дилерийн компаниудад хандаж, дансаа нээлгэх боломжтой юм байна. Албан ёсны эрхтэй нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй брокер дилерийн компаниудын талаарх мэдээллийг Хөрөнгийн биржийн цахим хуудаснаас ч авах боломжтой. Өнөөдрийн байдлаар манай аймагт брокер, диллерийн “Би Ди СЕК” ХК “Эрдэнэт таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны дансыг иргэдэд нээж өгч байгаа аж. Үйлчилгээний хураамж нь 5000 төгрөг юм байна.
Хувь хүн хэзээ ч үнэт цаасны данс нээхгүй
Орон нутагт 1072 хувьцааны данс нээх нэрээр үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх аваагүй хувь хүмүүс хуурамч данс нээн, иргэдийг төөрөгдүүлэн хууран мэхлэх, залилах зэрэг үйлдлүүд гарч болзошгүйг тус компанийн зүгээс анхааруулж байна. Хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд үнэт цаасны данс нээлгэхдээ Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй гишүүн брокерын компаниудын үйл ажиллагаа, хүний нөөц, эдийн засгийн чадавхи, техник технологи зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж, үнэт цаасны дансаа нээлгэхийг холбогдох байгууллагууд сануулж байна. Хувь хүн хэзээ ч үнэт цаасны данс нээхгүй гэнэ.