У.Хүрэлсүхийн холбогдсон 20 тэрбумын хэргийг прокурорт шилжүүлжээ

2018-11-21 Нам хөдөлгөөний амьдрал

“Танхимынхаа хоёр сайдын авсан ЖДҮ-гийн зээлээс 20 дахин их мөнгө яригдаж буй энэ хэрэгт Ерөнхий сайд ямар холбоотой вэ. Яагаад Бадрал гэж гэр бүлийн найзаа хоёр удаа Онцгой байдлын даргаар томилсон бэ. Эдгээр асуултын хариулт удахгүй тодорхой болох нь.

У.Хүрэлсүх Сү.Батболдтой хоршиж намын нэрээ солин намаа хоёр хувааж, улмаар 2012 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсныхаа улстөрийн хариуцлагыг, мөн чуулганы танхимд УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадаж унагасандаа ёс зүйн хариуцлагыг хүлээн зугтаж Австраль руу алга болсон.

Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН хамтрах болов. Зөвхөн давхар дээлгүй хүн томилох болзолтойгоор МАН-д Шадар сайдын суудал ногдов. МАН-ынхан ч тохирох хүнээ төвөггүй олж, Австралиас хуучин генсек У.Хүрэлсүхийг дуудаж ирүүлэн томилжээ. Сул явсан У.Хүрэлсүх Шадар сайд болмогцоо ганцхан хүнийг намын Удирдах зөвлөлийн зөвшилцөхгүйгээр томилохыг хүссэн нь Онцгой байдлын газрын дарга, гэр бүлийн найз Бадралын томилгоо юм.

Ер нь У.Хүрэлсүхийн улс төрийн амьдралд онцгой байдлын салбар онцгой байр суурь эзэлдэг. Тэрбээр Онцгой байдлыг шууд хариуцдаг Шадар сайдаар хоёр удаа томилогдсон, хуучин нэрээр нь Гамшгаас хамгаалах газрын асуудал эрхэлсэн буюу олон нийтийн нэршиж заншснаар Гамшгийн сайд байсан, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдохдоо ганцхан хуулийн төсөл санаачилсан нь “Гамшгаас хамгаалах газрын нэрийг Онцгой байдлын газар болгож өөрчлөх тухай” байв.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Шадар сайдаар ажиллахдаа л 20 тэрбумын гэх энэ хэрэгт нэр нь холбогдсон юм билээ. Онцгой байдлын газрыг шууд хариуцдаг салбарын сайд учраас уу, өөрийнх нь тавьсан Бадрал даргатайгаа амин найз учраас тэрүү гэдгийг тухайн үед УИХ-ын гишүүд асуудаг л байсан. Жилийн өмнөх нэгэн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Бадрал дарга аа, Шадар сайд Хүрэлсүх та хоёрын Фургоны хэрэг гэл үү, Хөгжлийн банкнаас зээлсэн 20 тэрбумын хэрэг юу болсон бэ, төлөгдөх юм уу гэж асуусан. Гишүүний асуултад Онцгой байдлын газрын дарга Бадрал, Хөгжлийн банкнаас зээлсэн 20 тэрбум төгрөгөөр Онцгой байдлын албанд 100 гаруй машин авсан…, мөн зарим техник хэрэгсэл авсан…, хуулийн байгуллага шалгаж байгаа нь үнэн, удахгүй тогтоох байх гэж хариулж байна.

Харин шинэ мэдээ гэвэл Н.Номтойбаяр гишүүний тодорхойлсон Фургоны гэх, Бадрал даргын хэлсэн 20 тэрбумын зээлийн энэ хэргийг АТГ-аас удтал шалгаад прокурорт шилжүүлжээ. Хэрвээ сэтгүүлчид эрэн сурвалжилж ийм нэр хаягтай хэргийг шалгасан уу гэдгийг АТГ-аас, ийм хэрэг шилжиж ирсэн үү гэдгийг прокуророос асуухад хуулийнхан худлаа хэлэхгүй дээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.