МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулахаар болсноо мэдэгдлээ. Тэрбээр “Өчигдөр Удирдах зөвлөл гурван асуудлаар хуралдсан. Нэгдүгээрт, бүлгийн даргыг огцруулах тухай асуудлыг намын дарга санал болгосон. Хоёрдугаарт, Нийслэлийн засаг даргыг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна хэмээн огцруулах саналыг НИТХ-д тавих асуудлыг хэлэлцсэн. Гуравдугаарт, намын дарга УИХ-ын даргыг ажлаа өг гэж шаардсан. Энэ асуудлыг нэлээн ярилцсан. Шийдвэр хоёр зүйл дээр гарсан. УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг бүлэг, Удирдах зөвлөл шийддэг юм биш” хэмээсэн.
Мөн өөрийг нь огцруулах болсон шалтгаан нь намын даргыг шүүмжилж, өөдөөс нь том дуугарсантай холбоотой гэнэ. Энэ талаар тэрбээр “Намайг хоёр үндэслэлээр огцруулж байна гэж хэлсэн. Нэгдүгээрт, намын даргыг шүүмжилсэн, намын даргатай тэрсэлдээд байна гэсэн. Намын даргын нэр хүндэд халдаж байна гэсэн. Хоёрдугаарт, намайг ЖДҮ-г хамгаалахгүй байна. Гишүүд холбогдсон нь бүлгийн даргын хувьд чамд хамааралтай гэж буруутгасан. Тиймээс бүлгийн даргын ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж харж байна” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Таны албан баланкан дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан гишүүд байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ?
Би өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ миний болон өөр ямар нэг гишүүний албан баланкан дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурагдсан зүйл байхгүй гэж хэлсэн. Надад тийм санал ирээгүй гэдгээ хэлсэн. Харин өчигдөр би Удирдах зөвлөлийн хуралд “Хэрвээ та нар миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол битгий бусад хүмүүс рүү хард. Би өөрийнхөө баланкан дээр хууль бус үйлдэл хийж байгаа Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гишүүдээр гарын үсэг зуруулаад өргөн барина” гэдэг саналаа хэлсэн байгаа.
Та тэгээд огцруулах бичиг өргөн барих уу?
Хууль бус үйлдлийг нь хэлснийх нь төлөө хүнтэй хариуцлага тооцдог, хариуцлага тооцохдоо байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Тиймээс намын дарга алдаагаа засах, өөрийн гаргаж буй авир төрх, энэ том намыг авч явах, Засгийн газрыг толгойлж явах чадвар байхгүй гэж харж байна. Тиймээс би энэ хүнийг огцруулахаар өнөөдрөөс эхлэн өөрийнхөө албан баланкан дээр гарын үсэг зуруулж, өргөн барина. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааг миний бие, бүлгийн зүгээс асуудалгүй дэмжиж ирсэн. Ямар ч нөхцөлд Засгийн газрын асуудлыг бүлгээс дэмжээд гаргаж ирж байсан. Гэтэл шударга ёс алдагдаж байна. Шударга ёс Монголд алдагдаж байна гэж ярьдаг хэрнээ Ерөнхий сайд өөрөө шударга шийдвэр гаргаж чаддаггүй нь шударга ёсны төлөө тэмцэх чадваргүйг нь харуулж байна.
Гарын үсэг зурж, огцруулах асуудлаар гишүүдтэй зөвлөлдсөн үү?
Гишүүдийг гарын үсэг зур гэж ятгах эрх надад байхгүй. Хүсэлтээ нь зурах байх.
Намын нэр хүндэд халдсан хүмүүсийг намаас хөөнө гэсэн мэдээлэл байна?
Бүлгийн даргаас огцрохгүй бол долоо хоногийн дараа тусгай хариуцлага тооцно гэсэн утгатай юм намын дарга У.Хүрэлсүх хэлсэн. Дараагийн хариуцлага намаас хөөх байлгүй. Намын даргын болчимгүй үйлдлийг шүүмжилсэнийхээ төлөө намын нэр хүндэд халдсан хэрэгт буруутгагдаад байна. Тиймээс одооноос манай намын гишүүд, дэмжигчид У.Хүрэлсүх гэдэг хүнийг бурхан шиг тахин шүтэж, хэлсэн ярьсан болгоныг нь зөв, эрх ашигт нийцэж байна гэж үзэх ёстой болж байна.
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудал огт яригдаагүй юм уу?
Тийм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг ажлаа өг гэж хэлсэн.
42 минутын өмнө
55 минутын өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.