Зайны сургалт ядуурлыг бууруулахад тустай

2018-12-27 Нийгэм

Сайн жишиг
Монгол Улсын хүн ам ажилгүйдэл, ядуурлаасаа гарч чадсан уу? Үнэндээ чадсан уу гэж асуух илүүц юм. Ядуурал ажилгүйдлийн хэмжээ багасаж чадав уу? гэсэн асуултад ажиллах хүчний судалгааны дүн хариулж байна.

2018 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 122,9 мянга болж, 69 хувь буюу 59 мянга нь эрэгтэйчүүд, 53,4 хувь буюу 43 мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин мөн улиралд 9,7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0,6 пунктээр, өмнөх улирлаас 2,4 пунктээр тус тус өсжээ.

Үе үеийн Засгийн газрын тэргүүлэх зорилт нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах байсаар ирсэн. Гэвч бууруулах биш, өссөөр байгаа нь чухам юунаас шалтгаалж байна вэ? Ядуурлыг бууруулах хангалттай төсөл хөтөлбөр, дэмжлэг тусламж бий. Эдгээрийг дурдаад ч бараг тоогоо алдсан. Харин дэлхий дахинд ядуурлынхаа хэмжээг хэрхэн бууруулж чадсан байдаг вэ?

Тухайлбал, БНСУ-д аж үйлдвэрүүдийнхээ судалгааг гарган, түүнд суурилан боловсон хүчнээ бэлддэг. Аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ хөнгөн, хүнд үйлдвэрийг эхлээд хөгжүүлэн, үүний дараагаар хүнд, химийн үйлдвэр, хамгийн сүүлд айти буюу мэдээллийн технологийг хөгжүүлсэн шатлалыг хэрэгжүүлсэн байдаг. Аж үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлсэн нөхцөлд ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд хялбар гэдгийг солонгосын туршлага харуулж байгаа юм.

Харин БНХАУ-ын хувьд Засгийн газрын болон томоохон компаниудын зээлээр хэрэгжиж байгаа төслийг үр ашигтай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, тодорхой үр дүнд хүрсэн байдаг.

Хятад Улс таван жилд 60 сая буюу нэг жилд 13 сая иргэнийг ядуурлаас гаргаж байна. Энэ нь 2018 оны эхний улирлын байдлаар гаргасан дүн юм. Тус улсын хувьд эдийн засгийн нийт үзүүлэлт нь сайжирч, өсөлт нь нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл 300 сая иргэн ядуу гэсэн ангилалд багтаж байгаа юм. Тиймээс БНХАУ 2020 онд ядуу иргэдээ чинээлэг амьдралтай болгох зорилт тавьжээ.

Монгол Улсын хувьд гуравхан сая хүнтэй ч гурван хүн тутмын нэг нь буюу 900 гаруй хүн өнөөдөр ядуу гэсэн ангилалд амьдарч байна. Тиймээс Монголчуудын хувьд ч ядуурал, ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудлын нэг юм.

Тэгвэл хятадууд ямар аргаар ядуурлаа жил бүр 10, 10 саяар бууруулж чадаж байна вэ.

Хятадад ядуурлыг бууруулах 6 арга хэрэглэдэг байна. Тодруулбал, цахим арилжаагаар ядуурлыг бууруулах, экологийн аргаар ядуурлыг бууруулах, барилгын салбарынхан ядуурлыг бууруулах, мал аж ахуйн аргаар ядуурлыг бууруулах, алсын зайн сургалтаар ядуурлыг бууруулах, эмийн ургамлын тариалан эрхлэх аргаар ядуурлыг бууруулах юм.

Цахим арилжаагаар ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд Нью-Йоркийн хөрөнгийн биржид албан ёсоор хувьцаа гаргаж, эхний өдрийн зах зээлийн үнэ нь 230 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлхийн технологийн дөрөв дэх том компани Алибаба ядуурлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулдаг байна. Хоцрогдонгуй байгаа хөдөө орон нутагт 10 тэрбум юанийн төсөв гарган хөгжүүлж, Taobao-аар дамжуулан газар тариалангийн лизингийг олгосон байдаг.

Мөн алсын зайн сургалтаар ядуурлыг бууруулах замаар орон нутгийн сургуулиудад сүлжээний анги бий болгожээ. Ядуу тосгон, мужийн хүүхдүүдэд сурган хүмүүжлийн сайн талыг мэдүүлэхийн тулд онлайн хичээл явуулдаг байна. Онлайн боловсрол нь нийгмийн, аж ахуйн, туршлага хуваалцах зэрэг долоон чиглэлээр сургалт явуулдаг байх жишээтэй.

Манай улсын хувьд мал аж ахуй, газар тариалан, барилгын салбараа энэ мэтчилэн хөгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь хэт том мөрөөдөл бус, өөрсдийн хүн ам, байгаль цаг уурын нөхцөл байдалд тохирсон бизнесийг сонгон, иргэн өрх бүр ажилтай болбол ядуурал, ажилгүйдэл хэмээх нэрээс амархан салчих юм.

Хөдөө орон нутгаас хотод ирж суурьших айл өрхийн тоо мөн л хотын хүн амын дийлэнх хувийг эзэлж эхэлсэн. Энэ нь ядууралтай салшгүй холбоотой. Малчдын хувьд зудад хэдэн малаа алдчихаад арга ядан Улаанбаатарыг зорин ирдэг. Гэтэл дөрөвдүгээр ангийн боловсролтой малчин залууст ажил олдох нь ховор. Тэдний хувьд сурч, дадлагажих боломж байхгүй бөгөөд тэдний оронд нь харь орны ажиллах хүчийг илүүд үздэг. Ингэхээс ч аргагүй.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь төрийн бодлого, шийдвэрээс хамаардаг. Манай улсын хувьд үндэсний баялаг, аж үйлдвэрээ хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэх асар их боломжтой. Манайх шиг байгалийн баялаг ихтэй хэр нь ард иргэд нь ядуу буурай амьдарч байгаад гайхах улс гүрэн олон л байгаа байх. Монголчууд бидэнд газрын хэвлийд орших асар их баялаг байсаар байгаа. Үүний илрэл бол Оюутолгой, Тавантолгой юм. Хуульдаа бол эдгээр ордыг ард түмнийх байх ёстой гэж тусгасан байдаг.

Тэгвэл бид ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ямар бодлого барьж байгаа вэ? Ажилгүйдэл, ядуурлын асуудлыг өнгөрсөн жилүүдэд макро эдийн засгийн түвшинд шийдвэрлэх гэж оролдож ирсэн. Гэвч төрийн шийдвэр зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгаа нь өнөөдрийн бидний жишээнээс харж болох юм. Тиймээс ирэх оноос хэрэгжиж эхлэх үндэсний хөтөлбөртөө орон нутаг, өрхийн түвшинд нарийн судалгаа хийж, талуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.

Д.Эрдэнэсувд

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.