УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ.
Монгол Улсын ерөнхий прокуророос Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлээд байсан юм. Тодруулбал, ХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгосон гэх хэргээр АТГ мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллагад ирүүлээд байсан юм.
Энэ дагуу уг асуудлыг өчигдөр буюу энэ сарын 6-нд Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай горимоор хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хурлын эхэнд уг асуудлын танилцуулгыг Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Энэ үеэр О.Баасанхүү гишүүн Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн шалтгааныг тодрууллаа. Мөн АТГ-аас УИХ-ын нэр бүхий дөрвөн хүнийг шалгаж байгаа тухай мэдээлэл гаргасан бөгөөд тухайн хүмүүсийн нэрийг нийтэд ил зарлах боломж байгаа эсэхийг асуусан юм.
Байнгын хороодын хуралдааны үеэр гишүүдийн зүгээс уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасан байна. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу санал хураалт явуулж, олонх дэмжсэн тул хаалттай явуулсан гэдгийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хариуллаа. Мөн мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн нууцыг хадгалах үүднээс хаалттай горимоор хэлэлцсэн гэдгийг Ц.Нямдорж гишүүн нэмж тайлбарлав. Харин Улсын ерөнхий прокурор Б.Энх-Амгалан, “УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэж шалгасан зүйл байхгүй. Харин гишүүдийн хамаарал бүхий компани зээл авсан асуудлыг л шалгаж байгаа юм” гэлээ.
Түүнчлэн хуулийн байгууллагууд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг түргэн шуурхай шалгадаг ч олон жил бугшиж байгаа бусад томоохон хэргүүдийн шалгалтын явц хэт удаашралтай байгааг М.Оюунчимэг гишүүн шүүмжлэв.
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах, жирийн иргэнийг шалгах хоёр тэс өөр асуудал. ЖДҮХС-гийн удирдлагуудыг цагдан хорьчихоод байхад гарын үсэг зурсан хүн нь энд сууж байна. Энэ бол шударга ёс биш. Монгол Улсын хуулийг УИХ-ын гишүүд баталдаг. Одоо нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Хуулийн байгууллагын шалгаж байгаа асуудалд ХЗДХ-ийн сайд анхаарал хандуулахгүй байна гэсэн шүүмлэл явдаг. Гэтэл хуулийн дагуу мөрдөн шалгаж буй хэрэгт ХЗДХ-ийн сайд оролцвол өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх болно. Хэргийг шалгах бүх эрх прокурорын байгууллагад байдаг” гэлээ.
Энэ үеэр Д.Хаянхярваа гишүүн санал хураалтыг нууц горимоор явуулах санал гаргасныг олонх дэмжлээ. Ийнхүү нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авахаас татгалзсанаар өнөөдрийн чуулган өндөрлөв.
49 минутын өмнө
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.