Амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэнд орон сууц олгох асуудлыг шийдлээ

2018-10-24 Нийгэм


Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт нь орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ. Ингэснээр талийгаачийн ар гэрийнхэн орон сууцтай болж байна.

Төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт Төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярт Ерөнхий сайдаас өнгөрсөн долоо хоногт өгсөн аж. Улмаар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр орон сууцных нь түлхүүрийг ар гэрийнхэнд нь гардуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээс талийгаачийн ар гэрийнхэнд түлхүүр гардуулах ёслол хэлэлцэх асуудлын дөрөвт байгаа юм.

Талийгаач 41 настай байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг. Ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан юм. Гэвч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж ийнхүү амиа алдсан. Улмаар 2-14 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.