“Ажилчид удирдлагадаа үнэлгээ өгч байна”

2018-09-17 Нийгэм

Манай улс 2011 оноос хойш Нотариатын тухай хуульдаа “гар дүрэхгүй” явсаар өдийг хүрсэн. Гэвч тус салбарт гарч буй өөрчлөлт, иргэдийн шаардлагын дагуу энэхүү хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт хийхээр олон нийтээр хэлэлцүүлж эхэлжээ. Тэгэхээр нотариатын салбар нь Төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, хуулиар тогтоосон болон үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхой үйлдэл, баримт бичгийг гэрчлэх ажил гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, иргэн таны цаг завыг хөнгөвчлөх төрийн нэрийн өмнөөс иргэдтэйгээ хамгийн ойр байдаг салбар юм. Тэр ч утгаараа иргэн та энэхүү салбарын амин сүнс болсон хуулийн талаарх санал бодол, байр сууриа http://mojha.gov.mn/Bolovsruulj-bui-tusul.html энэхүү холбоос руу орж өгөөрэй.

Харин тус салбарын “халуун тогоо”-нд ямар үйл явдал хэрхэн өрнөж буйг жилд ганцхан удаа чуулдаг “Нотариатчдын холбоо”-ны нэгдсэн хурлын уур амьсгалаас дүгнэж болох юм. Салбарынхан энэхүү хурлаараа хийж бүтээснээ дүгнэж, ирээдүйгээ төлөвлөдөг уламжлалтай. Гэвч энэ удаагийн хурлын уур амьсгал нэлээд ширүүн болж, танхимын удирдлагын эсрэг үг хэлж, үйлдэл үзүүлсэн ажилтнууд нэг бус нэжгээд байсан мэдээтэй. Зүй нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэгч нар удирдлагадаа сэтгэл дундуур байна. Учрыг тунгаавал салбарын ажилтнууд тус холбооны ерөнхийлөгч н.Онончимэгийн ажил байдлын талаар шүүмжлэлтэй хандаж, тэр ч бүү хэл огцруулах тухай асуудлыг хөнджээ. Гэвч эрхэм дарга одоог хүртэл суудалдаа тухалсаар л байна. Нэг үгээр хэлбэл, салбарын нэгдсэн хурлаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч, ажилтнуудаасаа муу үнэлгээ авсан н.Онончимэг дарга суудалдаа шигдэж, бодит байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бололтой. Үнэн хэрэгтээ тухайн салбарын ажилтнууд л удирдлагаа хэрхэн, ямархуу ажиллаж байгаад бодиттой дүн тавих нь зүйн хэрэг. Тэдний зовлон, жаргалыг дотоод ажилтнууд нь л гарын таван хуруу шигээ мэднэ шүү дээ. Гэвч салбарынхан нь удирдлагынхаа байр байдлыг ил цагаан дүгнэчихээд байхад л албан тушаалтайгаа зууралдаж суух ийм нэгэн хүн Монгол төрийн нэрийн өмнөөс ажилласаар байна. Эрхэм даргын энэхүү увайгүй үйлдэл ардчилсан нийгмийн ёс зүйд хэр нийцэх вэ? Холбогдох албан тушаалтнууд нь энэ зүг хараа хяналтаа тавьж, асуудлыг шийдэх цаг нь болсон юм биш үү…

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.